My 2017 year in review

2017 он, түүний тухай хэдэн үг хэлэхгүй бол болшгүй нь.  “шинэ он гарахаас өмнө заавал хийгээрэй” гэсэн нийтлэлийн дагуу бичсэн хэдэн зүйлээ 2017 оны тухайх сүүлийн пост болгон оруулж байна.
1. 2017 оны хамгийн том 3-аас 5-н хожил болон амжилт 
  •  Тогтмол ажилтай болж орлого өссөн.
  • Мэргэжлээ дээшлүүлэн суралцаж эхэлсэн байна.
  • Тогтмол workout хийж эхэлсэн. Илүү зорилго хүсэл тэмүүлэлтэйгээр.
  • Өнгөрсөн хугацаанд хөгжүүлж ирсэн бүжгийн сонирхол маань ор хоосон зүйл биш гэдгийг мэдэж авсан.
  • Үргэлжлүүлэн бичихээр шийдсэн.
2.  2017 онд надад нѳлѳѳсѳн хамгийн гол хүмүүс (шинийг надад заасан, шинэ зүйлүүдийг мэдрүүлсэн, илүү сайн хүн болоход нѳлѳѳлсѳн)
Хамгийн ойр буйгаар нь Масу-г дурьдмаар байна. Энд нэгэн жишээ өгүүлэхэд нэгэн орой би өөрийгөө өрөвдөөд магадгүй их гутраад ч тэр үү оройжингоо уйлж сууж билээ. Хааяахандаа сэтгэл гонсгор хар бараан өдрүүд байдагдаа. Тэр үед Macy надад хандан элдэв зүйлрүү үсчиж нэг эхлэн нэг орхиж явдаг занг минь үнэлэн өнгөрсөн хугацаанд өөрөөсөө гаргасан багахан зэргийн өөрчлөлт хийгээд сайжралтыг маань сайшаагаад “уйлан уруу царайлж гутран гунигт автахад дэндүү хайран шүү хором мөч бүр” хэмээж байсныг мартах аргагүй. Хэцүү бүхэн түр зуурынх!
Уулзаж нөхөрлөсөн зорилго нэгтэй үндэстэн өөр найзууд маань надад сайн талаараа ихээхэн нөлөөлсөн мэт. Хүмүүс өөр хоорондоо адилгүйгээс гадна надад тэд огтхон ч таалагдахгүй байж болно. Тэдний оршихуйг хүндлэх учиртай. Эс бөгөөс нүдээ аниад амаа дараад дэргэдүүр нь өнгөрөхийг хичээмээр.
Дэргэд нь чимээгүйгээр амьсгалахад л суралцах зүйл авах чанар их нэгэн байхад хүйтэн хөндий чанар ч тэдний дотор оршиж буй.
(Энэ жил “Баярлалаа” “Уучлаарай” гэдэг 2 үгийг хэлж сурлаа. Жинхэнэ утгаар нь.)
Дараагийн нэг талархууштай хүн бол онлайнаар бичлэг зөвлөгөөг нь сонсож ирсэн Оргил гэж хүн байгаа.
Бодол сэтгэлгээгээ цэгцлэхэд маш их тус хүргэсэн түүний хийсэн контeнтуудад  гүнээ талархаж байна.
Мөн эргээд гэр бүлийнхэн болон найз нөхөд, шинэхэн танилууд хийгээд хааяахан урмын үгээр тэтгэдэг танихгүй хүмүүст баярлалаа.
Гудамжаар зөрж өнгөрсөн тэр гэрэлтэй дулаахан инээмсэглэлүүдэд ч талархаж байна.
3. 2017 онд би ѳѳрийнхѳѳ тухай мэдэж авсан хамгийн гол сургамж, мэдлэгүүд (Юунд дуртай, юу намайг илүү баяртай болгодог… )
  • Маш олон кэйс дээр харж мэдэрч ойлгосон зүйл бол “Би байгаагаараа хангалттай” гэдэг бодол. Бүх зүйлийг хийхэд яг одоогийн байгаагаараа би хангалттай.
  • Би хаашаа явахаа шийдэх учиртай. Гэр бүлийнхэн маань “сайн яв” л гэж хэлэх ч хаашаа хэрхэн гэдгийг зөвхөн “Сайн сур” гэдгээс өөрөөр хэлж өгөөгүй тул би л хаашаа явахаа хэрхэн амьдрахаа залах ёстой.
  • Би гэр бүлтэй хүүхэдтэй болохыг эцсийн зорилго гэж боддоггүй. Дөнгөж 30, 40 нас хүрээд л “хүүхэд” гэсэн зорилгоор өөрийн бүх хүсэл мөрөөдөл цаг хугацааг хязгаарлах нь буруу санагдана. Өөрийгөө мартах учиргүй. Эргээд харахад эцэг эхдээ талархах хэдий ч тэдний зэрэгтээ ойлгох нь хэр бол. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэсэн хайраа дарамт болгон ашиглах сүрдүүлэх нь ч сайн сонголт биш. Өөрийн цаг хугацаа хамаг хайраа зориулсан хүүхдүүд нь эргээд итгэл урмыг нь хугалбал хэрхэн хэцүү байх бол. Тиймээс л эцэг эхчүүд болон хүүхдүүд нь өөр өөрийн гэсэн тулах цэгтэй байх ёстой. Тэгж хэмээн хэн хэнийхээ зүрхийг шархлуулахгүй.
  • Зогсолтгүй хөгжих нь миний зорилго хийгээд  би их мөрөөдөмтгий хүн ажээ. Хурдан уйддаг биш харин тухайн хийж буй зүйлдээ илүү сайн байхыг чадвараа сайжруулахыг үргэлж хүсдэг. Хийсвэрлэл сайтай.
  • Дэндүү дэврүүн хүсэл мөрөөдөл хэт их өөдрөг үзэл нь өөрийн потeнцалиа бага зэрэг мэддэгийнх ч байж болно. Шийтгэлээс айх бус шагналд урамшдаг.
  • Би юу юунаас илүүтэйгээр бичих дуртай. Тэрээр намайг тэнгэрт нисгэж газарт буулгах хүчтэй мэдрэмж.
  • Бичихийн тулд үзэж харж уншиж судлан биширч тэдгээрээр хөглөгддөг.
  • Надад латин хөгжим, багахан зэргийн ус мөн өсгийтэй гутал өгөөч. Тэгвэл би бүжиглэе. Бүжиг бол хүмүүс хоорондын үггүй харилцаа. Тэр дунд сэтгэл хөдлөл, тэмүүлэл, хайр дурлал, хөгжим, утга уянга, үзэсгэлэн гоо бүгд нэгэн зэрэг оршдог.
  • Чухал шийдвэрийг хурдан гаргаж чаддаггүй эргэлздэг. “Үгүй” гэж хэлж чаддаггүй.
  • Эргэн тойронд гайхалтай 5 хүн байхгүй. Би нэг л буруу газраа байгаад байх шиг.
  • Өөрөөс шалтгаалах зүйл дээр хүнд төвөг учруулах маш дургүй. Төвөг удвал  буруутай мэт санагдан сэтгэл тавгүйрхэх нь элбэг. Үүнээс үүдэн тусламж гуйх дургүй чанар ажиглагдсан. Гэхдээ өөрийгөө хүчлээд өөрийгөө хэн нэгний дор орж байна гэж сэтгэлгүйгээр тусламж гуйж сурвал яасан юм.
  • Санхүүгийн зөв зохион байгуулалт хэрэгтэй.
  • “Хийж чаддаг зүйлээ олох”- түүнийгээ хийж амьдрахын чухлыг л өдөр бүр ойлгож ухаарч явна. Мөн хайсаар.

4. Тус онд амьдралдаа цоо шинээр хийсэн зүйлс:

  • Tourist Guide хийсэн.
  • Скэйтбоард унаж сурсан.
  • Сайн дурын ажилд хамрагдсан.
  • Веб хуудсанд нийтлэгчээр ажилласан.
  • Олон улсын гайхалтай бүжигчидтэй уулзсан нь өмнө нь олдож байгаагүй боломж
  • Нүүрний йога сурсан.
  • Далайд шумбаж үзлээ.
5. Авсан хамгийн үнэтэй сургамж зөвлөгөө:
Хүмүүс надад сургамжлаад байх нь ховорч би өөрөө сургамж зөвлөгөө сонсох дуртай. Харин энэ бодлыг саяхнаас л ганц хоёр жилийн өмнөөс тээх боллоо.
 “Хаана ч хэзээ ч өөрийнхөөрөө үнэн байхуй”.
 Хэн нэгэн хөөрхөн бүсгүй сайхан залуугийн дүрд тоглон жирийн амьдрал дээр хийдэггүй зүйлээ бусдыг өмнө хийх гэж хичээхгүй байх.
Ер нь хэзээ ч өөртөө үнэнч хийгээд өөрийнхөө байсандаа, чадах бүхнээ хийсэндээ харамсал төрдөггүй юм байналээ.
Залуу байхад дутагдаж гачигдахыг хүнд хэцүү зовлонд бүү тооц мэдэхгүй чадахгүйгээ л зовлонд тооцоод зовхи өөдөө бай.  Залуу хүн шиг бай, нурмайсан урвайсан бүү бай”.
Ааваас ирсэн сургамжтай хэдэн үгс.
2017 онд би 2016 он оршсон би бээрээс хамаагүй илүү сайжирчээ. Бие мах бодь сэтгэл санаа оюун ухаан сүнсний түвшинд илүү сайжирсан байна. 
2018 онд дараах 3 зүйлийг л хэрэгжүүлэe.
  1. Юунд ч гомдоллохгүй, гомдол тоочихгүй.
  2. Хүн муулан хов жив хөөцөлдөхгүй.
  3. Угаасаа гэдэг үгийг үгийн сангаасаа хасна. Угаасаа л тийм, угаасаа  Ази хүмүүс биeийн хөгжил муу зэргээр угаасаа чадахгүй гэдэг үгийг хэрэглээнээс гаргаад улмаар бодол сэтгэлгээнээсээ арчина.

 Баярлалаа.