Сөүлдэх миний гэр

Илүүчгүй дутуучгүй хүний хэрэгцээ цөм бүрдсэн Сөүлдэх миний даруухан харш.

Шарах шүүгээ, принтер, хувцасны индүү, эйр кон, гутлын шүүгээ, номын тавиур, хоолны ширээ, хичээлийн ширээ, мөнгөний гахай, том толь харин чемодан нилээд хэд буй. Тэд өвөл зуны хувцас, зун өвлийн хувцсыг агуулан аахилан зогсоно. Үргэлжийн энхийн манаанд зогсох чемодануудтай зэрэгцэн хэд хэдэн ээлжийн үүргэвч зай эзлэх ба үүргэвчтэй аяллын, өдөр тутмын мөн гоёлын үүргэвчийг ээлжлэн холгох миний бие энд ирсэнээс хойш пүүз кетнээс салахаа больжээ.

Өндөр өсгий дээр гунхсан хүүхэн байсан юмсан. Өндөр өсгий дутууг минь нөхөж дундуурийг минь дүүргэх шиг бусдаас толгой дээгүүр харц өндөр алхах итгэлийг өгдөг муухан эр хүнээс дээр эддээ.

Хүүхнүүд хөлөө өвтгөн байж өмсдөг нь ч учиртай. Өндөр гутлан дээр эмэгтэй хүний бие засран цэгцэрч харагддаг бол өсгийгөө тайлахаар тарвас шиг талаар нэг тараад явчих нэгэн ч бий.

Хаа очиж би өөрийн өндөртөө тун сэтгэл хангалуун явдаг. Үеийнхнийхээ дунд “өндөр гозон” гэж адлуулж намхан жижиг байх минь ч яав хэмээн сэтгэл гундан явдаг байсан өсвөр нас нэгэнтээ ард хоцроход өдгөө алтан дундаждаа орно. Товчхондоо их эрт өссөн. Нас ахих тусам өсөлтийн хурд саармагжсаар нам дор цэглүү хэвийлгүй зогссондоо.

Манай гэрт аав хамгийн анх гадаадаас айлчилсан хүндтэй зочин болсон бол

“Танай гэрт тавилга нь ихэдсэн байна” гэсэнсэн. Зай гаргах санаатай хүн суудгүй ч гэр дүүргэсэн жижиг диванаа зайчлахаар шийдсэн нь хэлний бэлтгэлд цуг сурсан эгчээс ирсэн бэлэг байсан. Хороо хориноор гүйж хоёр гурван удаа утас цохин байж хаях зөвшөөрлийн бичиг шахуу юм олж аваад 10000 вон тушаагаад надруу илгээсэн 6 оронтой кодыг цаасан дээр бичээд диван дээрээ наагаад гэрээс гаргаад орхисон. Хог хаягдлын газраас тухайн кодоор хайж ирэн ачиж явах аж. Ажилчдын хөлс бензин тосонд нь тэр 10000 вон зарцуулагдах нь тодорхойгоос гадна юм бүхэн харилцан уялдаатай хүн бүр бие биеэ боддог энэ тогтолцоо нь таалагдаад байх шиг. Би хогоо гаргаад хаялаа одоо надад хамаагүй гэх бус хог хаягдалтай ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийг үнэлээд хоолны хог хуванцар зэргээ ялган хаяна. Одоо ч энэ их хотын амьдралд дассан байна. Хоолоо идээд 5 минутын дотор босно. Ард хэн нэгэн хүлээж буйг зөн совингоороо мэдэрнэ. Хэрэглэсэн зүйлсээ хурааж цэвэрлэнэ. Зөөгч цэвэрлэг гээд хаяад гарахгүй. Өөрөө бүгдийг хийчихнэ. Хэн хэндээ амар. Хоолны үнэ ч хямд байна. Хамаг юм нь селф юм чинь кофены үнэ ч арай бага байна гэж горьдно.

Дашрамд хэлэхэд гудамжаар гурвуул дөрвүүл нийлэн дамжлан ирсэн дивандаа би дуртай байсан шүү.

Миний жижигхэн даруухан харш. Өвөлдөө хүйтэн зундаа халуун өдөр шөнөгүй нар үзэхгүй.

Манай гэрийн зохион байгуулалт Монгол гэрийн зохион байгуулалтаас нэг их зөрөөд байхгүй. Хаалгаар ороход хамаг юм нүдэн дээр илхэн дөрвөн буланд гал тогоо, хувцасны шүүгээ, номын тавиур, ариун цэврийн өрөө тус тус байрлах ба зай завсраар ор ширээ сандалыг эвтэйхэн гэгч нь эвлүүлээд тавьчихсан. Харин хамгийн дажгүй хэсэг болох балкон дээр угаалгын машин байрлах аж.

Балкон гэж зундаа аалзны үүр шахуу. Заримдаа аалз манайд амьдраад байна уу би аалзны гэрт амьдраад байна уу ялгахгүй. Анхнаасаа л аалзны үүрэн дээр байшин барих хэрэгггүй байсан байгаа юм.

Аалз харахаар уушиг зүрх амаар гарчих шахам айдаг хүн чинь зундаа нэг алуурчин аятай. Хааяадаа тэднийг өрөвдөнө. Ямар буруу зүйл хийсэн билээдээ гэж бодогдоно.

Нөгөө эгч надад диван өгөөд зогсохгүй өндөр гэгчийн номын тавиур өгсөн юм.

Дүүдээ захиж авсан номнуудаараа дүүргэчихсэн даруу атал харахад урамтай гэрийн чимэг болсон номын тавиур. Түүний хажууд 2 өнгийн улаан цэнхэр зүйл байх нь гурван ширхэг йога гудас. Өглөө босоод йога хийдэг болохсон гэж бодсоор хэдэн жилийг үдсэн ч үлдсэн насаараа хийх зүйл маань гэдгийг мэддэг юм. Хааяадаа нөгөө гурваа сандал болгож ашиглана.

Цагаан өнгөтэй номын тавиурт маань өнгө нэмэх 2 зүйл бий нь polaroid камер нөгөө нь Sony-н улаан өнгөт спикер.

Хар багаасаа polaroid камер авахыг хүсэж явсан ганц шалтгаан бий. Хүүхэд насны минь хамгийн гоё ганц хоёрхон зураг polaroid камерны хальсанд буусан байдаг юм. Манайд 2 аялагч (жуулчин) ирээд тэр зургийг дарж өгөөд явсан юм гэнэлээ. Харин би тэр хоёртой цуг явна гэж дагаад уйлж байсан гэсэн. Бас аялах санаатай!

Одоо тэр зурагнуудыг харахаар ямар гээч буянтай хүн нь бяцхаан байхын минь тэр нандин төрхийг гэрэл зургийн хальсанд мөнхөлж өгсөнийг мэдэхгүй ч уулзаад баярлалаа гэж хэлж болдогч болоосой. Тэдгээр аялагчидын надад үлдээсэн тэр зураг нь эдүгээ надад аялалд гарахсан хэрвээ болдог бол хэн нэгний хүүхэд насны дүр зургыг хальсанд буулгаж өгөхсөн гэсэн хүслийг минь бадраадаг юм.

Тэр ч утгаараа нэг аппарат авсан юм.

Улаан өнгөт спикер маань хөгжим сонсоход урамтай хүний яриа харин хэт чанга сонсогддог ч 2017 оны хамгийн ухаалаг худалдан авалт гэж үздэг.

Гэрт маань аав ээж 2 маань зочилсныг эс тооцвол зочин урьдаггүй. Харуулаад зочлоод байх зүйлгүй гэж боддог болохоор дүнсгэр өрөөндөө TV Show үзэж ганцаар суух нь бий.

Өглөө босоод уургаа нэг банана, тослог багатай тарагтай найруулж уух миний тэр өдрийн жаргал болдог. Үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж.  Араас нь хэдэн өндөг буцалгаад ганцыг нь идээд өдрийн хоолоо бэлдэж аваад ажилдаа гарна.

Оройдоо гэртээ ирээд яаран будаагаа агшаагаад унтана. Харин ажилгүй үедээ хамаг юмаа удаашруулчихдаг. Удаан гэртээ хийх юмгүй суух дургүй. Өрөөнөөсөө ховхроод гарвал харин гайгүй бүтээмжтэй өдөр өнгөрдөг. Уулзах хүн уух кофе үгүйсэн бол өглөөнөөс үдэш хүртэл өрөөндөө суух ч оройдоо дасгалын заалруу марш. Бэлтгэлийн дараа ганц халбага уураг найруулж уучихаад гараад сэмбийтэл алхах ч мөн сайхан шүү. Хичээлтэй үедээ өдөр, ажилтай үедээ оройдоо фитнесс явна. Цөөхөн ч тогтмол  бүжгийн зааланд очдог. Блогоо бичихээр гэрийн хажуух номын санд суухдаа англи номын тавиур дундуур холхин хоёр гурвыг гарчиглаж газар суух дуртай. Ихэнхидээ блогоо компьютерээс upload хийнэ. Эхлэлийг нь evernote дээрээ ноороглоно. Энэнээс сайныг нь олоогүй л байна.

Харь нутагт амьдархаар хоёул гурвуул амьдрах хэрэг гардаг. Монгол, Виетнам, Индонез, Филиппин рүүммиенүүдтэй амьдарч үзсэн бол дахиад хэзээ ч амьдрахгүй гэж бодсон нь 2 Вьетнам охин байсан. Харин Индонез охидууд маань нэг л сэтгэл дулаахан сайхан сэтгэгдэл үлдээсэн шүү. Бид сүүлд салахад намайг үүд хүртэл үдэж өгөөд тэврэлдэж билээ.

Вьетнам охидууд маань ариун цэврийн шаардлагаараа тэнцээгүй юм. Тэднээс салсан ч  Манай хажуу хаалганд хэдэн охин суудаг. Нөгөө цуг амьдарч байсан хоёр биш ч гэсэн тэд их чанга ярьдаг. Найзууд нь айлчлан ирвэл байраар нэг дуу нь хадна.  Би тэднийг яг хаалганыхаа өмнө зогсож байгаад ярьдаг байх гэж боддог. Ямартай ч тэд их чанга.

Хамгийн аятайхан өрөөний анд маань гэвэл Филиппин найз маань болж таарсан. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хичээл сургууль дамжин гүйх түүнтэй оройдоо л таарна. Би түүнд төвөг удахгүй тэр ч надад саад болохгүй. Эцэс сүүлд нь хамгийн хайрлууштай нь Монгол хүн. Монгол хүний оршихуй тэр чигээрээ гоё.

Миний жижигхэн даруухан харш.