Baler, Philippiness Тосгоны эгэл залуу

Дахиад Филиппин явахгүй байх. Хэрвээ явбал Сэбүрүү явна. Тэнд уулзах нэгэн Монгол хүмүүн буйг эс тооцвол дахин явахгүй ч байж мэдэх юм…

2018 оны 2 сарын 16-26-ны өдрүүд Филиппинд өнгөрлөө.

Өмнө нь хэд хэд ирж байсан болохоор нэг л таньж мэдэх газартаа ирсэн санагдаад хоёрдугаар ангид орсон нэгдүгээр ангийн пээдгэр пацан сургууль гэж нэг ийм газар юм байдаг юм гэх бяцхан бодол тээн алхах шиг Филлипин гэж нэг ийм л нутагдаа хэмээн бодогдож байлаа. Энэ улс тэр чигээрээ хот зохион байгуулалт барилга байшингийн хувьд томоохон хэмжээний зуслан шиг л санагддаг.

Том том рекламны самбарууд царайлаг охид залуусын зураг, Jollibee,  McDonald, Max’s, Shakey’sSM-р Манила хотыг би төсөөлдөг.

Jollibee шиг аятайхан амттай түргэн хоолны цэвэрхэн шийдэл Монголд бүү хэл Солонгост байхгүйсэн. Шпагеттиг тахиатай будаатай идэж болох нь сонин. Манилад очихоор цэнхэр тэнгэр, цагаан үүлс далдуу модод нүдэнд торно. Метро Манила гэх энэ нүсэр хот өөр өөрийн өнгө аясыг бүрдүүлсэн 16 орчим тусгаар хотуудаас бүрдэх ба санхүүгийн дүүргүүд болох Makati, Bonifacio Global City-д сүндэрлэх сүр жавхлант өндөр барилгууд нь Шанхай хотын үзэмжийг сануулах ч далдуу модтой хорших нь Лос Анжелест ийм байдаг боловуу гэсэн төсөөлөлд автуулна. Хөөрхий Лос Анжелест очиж үзээгүй хүний үг шүү.

makati
Makati, Manila

Метрополитан хотын хүн амын нягтаршил нь ажлын байрны илүүдлээр илрэх шиг. 3 хүн ордог газар 4 зөөгчтэй юмуудаа гэмээр. Заавал хүн байгаад байх шаардлагагүй ажлын байр ихтэй санагддаг. Эсрэгээрээ хэн нэгэн ажилтай байгаа нь сайнсандаа. Манилад хэд хонох хугацаанд ер сайн чанарын кофе олж ууж чадаагүй. Старбаксаас ганц 2 аягыг авч уусан ч час хийсэн американо олох хэцүү байсан. Магадгүй би хүчтэй кофе уугаад байх шиг. Солонгост кофешоп ихтэй болохоор Тomntoms, Starbucks тэргүүтэй сүлжээ кофешопуудаар ороод байх шаардлага нэг их гараад байдаггүй. Илүү сайн кофег тун боломжийн үнээр орон нутгийн кофены бизнес эрхлэгчид санал болгодог болохоор нэг их сүртэй нэрийн дор онцгүй кофе уухыг хэн ч хүсэхгүй. Сөүлийн төв хэсгээр дээр дурьдсан газруудыг төвлөрүүлсэн байдаг нь хүмүүсийн сонголтыг хэдхэн акулуудад хувиарлачихсан мэт болов ч эргээд бизнес эрхлэгчид болон татвар хураагчидаддаа хожоотой сонголт гэж харагддаг. Акулууд л тэнд өндөр хураамж төлөөд амьд үлдэж чаддаг байх байгалийн шалгарлаараа.

Монголд байх tomstoms гэдэг газрын кофе нэг их онц биш байсан. Нэг биш нилээн хэд очиход онцгүйгээгээрээ л байхад хэтэрхий брэндийн үнэн цэнэд нь анхаарал хандуулаад хэрэггүй санагдсан. Тэрний дэргэд Циберблатын баристагийн гараа гаргаж хийж өгсөн латте тун аятайхан санагдсан болохоор тэр газар дахиад очно оо.

Жилийн эхний аялал

Хүн бүр л аялаж юм үзэж байгаа хэдий ч нүд тайлж буй нь хэд бол. Аялал нь Тайландад очоод заан унан, завин дээр суухийн нэр бус тухайн цаг хугацаанд юуг яаж мэдрэн хэрхэн хүлээн авч эргээд амьдралдаа тусгаж хандлагаа өөрчлөхийн нэр гэж боддог. Яг үнэндээ Тайландад очиж заан унаж байгаа нь хэнд ч хамаагүйлдээ. Харин тэрхүү аялалд гарсаны дараа тухайн хүний хандлага хэрхэн өөрчлөгдсөн нь нүдэнд чинь хийж бүтээхийн хэр их гал ассан нь бусдад хамаатай. Өч төчнөөн орноор нүдэн балай чихэн дүлий гадаадаар ганц үг ган хийхгүйгээр дэмий тэнэж байснаас Монголоороо сайхан аялсан нь өлзийтэй буй за.

Энэ удаагийн Филиппин явсан зорилго маань Boracay Latin Dance Festival-д оролцох байсан юм. Энэ тухайд маш урт бичвэр бичиж байгаа.Манилад хэд хоноод Балeр гэх газарт 2 хоногийг үдээд Боракайд очсон байгаа.

Энэхүү 10 хоногийн богино хэмжээний аялалын турш өөрийгөө ямар тохиолдолд ямар хариу үзүүлж буйгаа ихэд анзаараад л ажиглаад яваад байлаа. Өлсөхөөрөө өөрийн эрхгүй сэтгэл тавгүйтэх хийгээд 3 цаг тутамд өлсөнө, цаг тутамд ариун цэврийн өрөө гүйнэ, 30 минут тутамд цангана за мөн нарны шилгүй удаан алхаж чадахгүй зэрэг нь  их хотод амьдарч байхад дорхноо шийдэгдэж болох хэдий ч үүргэвчтэй аялал хийхэд төвөг шахуу санагдана. Өлсөж чадахгүй байгаа хүн чинь хоолонд мөнгө их үрнэ. Өл даахгүй байхын мууг яана. Харин сайн найзуудын ачаар л аль сайхныг болгоож явлаадаа.

Мөн олон орны валюттай харьцахдаа муу юм байналээ.

A Mongolian and rest of us are Filipinos.

Аялалаас сурах нэг чухал зүйл бол “ялгааг хүлээн зөвшөөрөх” түүнийг байгаагаар нь хүлээн авах явдал.

Бухимдалгүйгээр!

Яг өнөөдрийн хорин хэдний насны өнцгөөс аялалыг өөрийгөө таних, хөгжүүлэх гэж харж буй. Үүнээс хойш урсах он жилүүдэд илүү тайван аялал хийж явахыг эрмэлзэх байх.

Surfing day in Baler Philippines

Үнэхээр ийм гоё харагдаж байсан.

“Surfing” гэх үгийг толь бичигээс хайвал тэнгисийн дэлсгээ гэх аж. Гулсгаа гэвэл ч зүгээр байх.

Оройжин л тавцан дээр хэвтэн давалгаанд цохиулсан ч ардаас түрэн явах трэйнерээ үе үе эргэн харвал нүд нь далайн усанд улаанаараа эргэлдсэн ч инээд алдсан царайгаар “Are you okay mam?” гэнэ.

Нэг удаа хөлөөрөө бүтэн тогтсоныг эс тооцвол удаан тогтож явж чадаагүй ч багахан зэрэг өөртөө итгэлтэй байгаад 2 өдөр оролдоход бол учраа олчихоор юм байналээ. Усанд дээгүүр салхи татуулан гулгах мэдрэмж нь цана чарга юу юунаас илүүтэй хөнгөн сэвэлзсэн нисээд буй мэт баяр хөөртэй, сэтгэл сэргээсэн маш гоё санагдсан.

Давалгаанд цаг гаран цохиулсны эцэст хэвлий хэсгээр багахан хөндүүрлэснийг эс тооцвол тун аятайхан кардио хийсэн мэт ядардаг юм байналээ. Ус нэг тийм хүнд санагддагдаа.

Балер тосгон

Балерт очоод байрлах газраа үүргэвчээ орхичихоод ходоодруугаа хоол олж шидэхээр гурван дугуйтдаа тухлан явтал замд таарсан бяцхан гүүрэн дээр нэгэн залуу улаан ногоон өнгийн туг барин зогсох аж. Ногоон туг нь яваарай гэж байгаа бол улаан туг нь зогсохыг сануулна. Гурван дугуйтын түгжрэл үүсэхээс сэргийлсэн тунчиг ухаалаг гэрлэн дохион зохицуулагчийн ажил тэр ажээ.

Энэ дүр зураг Балер тосгоныг тэр чигт нь надад сануулдаг. Яагаад ч юм сэтгэлд хоногшсон маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Яг л ийм мартахын аргагүй эгэл даруухан хором мөчүүдэд би маш их дуртай. Дахин дахин ургуулан боддог.

Тиймээс бичвэрээ тэрхүү хүнээр төлөөлүүлэн нэрлэв.

Бид цаашаагаа явсаар Филиппин үндэсний хоолны газар ороход

 

навчин дээр хоолоо тавиад гараараа иддэг энэ газар үндэсний хэв маяг агуулсан гэдгээрээ ч тэр үү далайн эрэг дахь пиццаны газраас илүү аятайхан санагдсан. Гараараа хоол идэх нь нэг л тухгүй ч бууз барьж иддэгээ бодвол гайгүй аж. Тэгэхдээ эрхий долоовор хуруугаа ашигладаг бол будааг гараараа идэхдээ бүх хуруугаа ашиглана. Хоолоо идэж дуусаад гараа угаагаад ариутгачаар ариутгадаг. Хүн бүр цүнхэндээ нэг алкохол авч явах нь тэр.

Filipino Liempo

”Love story” гэдэг зураг

Юу яриж байснаа санахгүй ч өдөржин шахуу далайн усанд өнждөг тэдний бие эрүүл бөгөөд хүчирхэг санагдсан.

Baler town-с холгүй байрлах Mother-falls 30 минут орчим явган алхаж хүрэх энэ газар “entrance fee” төлөхөөр замын турш таньд анхаарал хандуулах үнэгүй guide гаргаж өгдөг ба хаана л хад асга байна тэнд түрүүлж очин гараа сунган аялагчдын аюулгүй байдлыг хангах нь түүний ажил.

Би Улаанцутгалангаа үзээгүй үнэнээ өчөхийн зэрэгцээ Жэжү арал дахь хоёр гурван хүрхрээг харснаас гавихгүй тул энэ “Ээж” хүрхрээ нь миний харсан хамгийн хүчирхэг усны уналттай хүрхрээ байсан.

Хүрхрээ унах цэгт битүү усан манан татан агаарт ус будран хийсээд л…

Даруухаан жижигхэн сайхан газар байналээ.

Хамаг амьдралаа үүргэвчиндээ багтаан ганцаар аялалд гарахаас зүрхшээсэн…

2018.2.18