My 20 weeks body transformation/ First stage show

img_7380
KAFF 2018
Эхлэл

Ердөө хагас жилийн дотор 2016.10-2017.5 сар хүртэлх хугацаанд 10кг+ жин нэмсэн нь гадна дотны янз бүрийн хүчин зүйлээс үүдсэн ч би үргэлж “Дуртай хоолоо хүссэн цагтаа идэх нь зүй ёсны хэрэг” гэж боддог байлаа. Их идсэн хүн яахав илүүдэл жинтэй болох нь тодорхой.

Бүх хувцас таарахаа болиод сунадаг хараас салахаа больтлоо өөрийгөө тэгж их таргалчихна гэж бодоогүй юм.

Сургууль орохдоо Өлзийхишиг гэж дайчин бүсгүйтэй танилцсанаар 2017.10.27 нд фитнесст явж эхэлсэн. Найзтайгаа хоёулаа хөтлөлцөн очоод “personal trainer” авахаар шийдсэн нь тэр.

2017 оны 10 сард манай трэйнерийн оролцсон NABBA KOREA тэмцээнийг үзэж байхдаа тайзан дээр зогсож байх тухай бодоогүй явсан бол түүнтэй 2 сар хичээллэсний дараагаар трэйнер маань бид хоёрыг “тэмцээнд ороод үз” хэмээн санал тавьсанаар энэ бүхэн эхлэсэн.

Trainer

Хааяахан гайхал төрөм өөдрөг үзэл, эрч хүч эерэг тэмүүллээр дүүрэн тэрээр чадахгүй бүтэхгүй гэж хэлдэггүй. Би ерөөс түүний амнаас сонсоогүй. Эрсдлийг урьдчилан тооцоолоод түүнээс айх бус үзээд алд гэдэг нь түүний зан чанаруудаас хамгийн их таалагддаг нь. Түүнийг харахад итгэл найдварыг нь хөсөрдүүлэхгүй юмсан гэдэг бодол үргэлж төрдөг.

Олон ч удаа уур дургүйг нь хүргэсэн байх. Хоцорч уурлаж уйлж ч стрессийг нь барсан ч үргэлж намайг уучилж ойлгож зааж зөвлөж байсанд нь баярладаг. Өнөөдөр очоод болилоо чадахгүй гэж хэлье гэж бодсон ч урам итгэл зүтгэлийг нь хугалмааргүй байдаг байлаа. Хүний итгэлийг алдах муухай. Энэ спортдоо их дуртай хүнтэй ажиллах их сайхан.

Workout Buddy

Дээр дурьдсанчилан анх эхлэхдээ хамт сурдаг найзтайгаа цуг фитнесст явж эхлэсэн. Зовлон, жаргал нэгтэй ижил мөрөөдөлтэй найзын хүчээр мундаг багшийн дэмжлэг түшиг тулгуураар өөрийгөө дайчилж чадлаа гэж бодож байна. Эс бөгөөс буугаад өгчихсөн л байх. Бид 2 сүүлийн 3 сар өдөр бүр хамт байсан. Хааяа хэцүү санагдсан үед зүгээр л зовлонг чинь сонсож өгөх хүн хэрэгтэй болдог юм шиг. “Оюутан” гэдэг нь оюундаа хөрөнгө оруулж байгаа одоохондоо орлогогүй гэсэн үг болохоор бид 2 энэхүү өндөр өртөгтэй спортын зовлон жаргалыг амсах гэж өглөө нь ажилдаа орой нь зааланд очих замаар хэдэн сарыг үдсэн байна. Зүгээр л завтай болохоор жаргаад зааланд очиж хэдэн дасгал хийчихээд л гардаг зав чөлөө бидэнд ерөөсөө байгаагүй. Нарийн шахуу хувиартай мэргэжлийн тамирчид шиг л санагдах нь хааяа жинхнээсээ тамирчин болсон мэт санагдуулна. Сэтгэл догдлуулсан хөөрхөн мэдрэмж.

Бүтэн цагаар ажиллана хажуугаар нь хичээлдээ явна. Зөвхөн зааланд очоод дасгал хийгээд хичээлдээ яваад байвал бодит амьдрал хэцүүднэ. Амьдрахын хэрээр амьжиргааны зардлууд урсаж өгөх тул тэр болгоны төлөө гадаадад сурдаг эгэл оюутны ёсоор өглөөнөөс орой хүртэл ажиллана. Дэмий сул цаг гараад байдаггүй нь цагаа гаргах зүйлдээ хангалттай зориулсаных биз. Дасгал хийх нь хэцүү бус бүх зүйлийн балансийг хадгалах нэгээс нь болж нөгөөг нь орхихгүй байх л явдалтай юм байналээ.

Төсөөлдөө 100k вон байлаа гэж бодоход байрны түрээсдээ нэмэрлэхүү уургаа авахуу гэх мэтийн чамин сонголт гарч ирнэ…

Дасгал хөдөлгөөн

Дасгалуудын үндсэн техникуудыг мэргэжлийн хүнээр эмх цэгцтэйгээр заалган ерөнхий бэлтгэлийн хуваарын дагуу бэлтгэл хийж ирсэн ба үүнд гүйх, аеробек, спиннинг, дугуй жийх зэрэг ямар ч кардио хийгээгүй болно. Зөвхөн гантельтай ажиллаж байсан ч өдрийн турш босоо хөдөлгөөнтэй ажил хийдэг. Уг хүн нь өөрөө кардио хийх дургүй ч хааяадаа HIIT хийдэг байсан ч олон удаа биш.

Хоолны дэглэм
img_6495
Чанасан чихэрлэг төмс+хулуу+цэцэгт байцаа+энгийн байцаа+ тахианы цээж мах

Илүүдэл жингээсээ салахыг хүсвэл дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээгээр хоолондоо зохицуулалт хийнэ. Бүр заавал хоолтой ажиллана. Өөр томъёо байхгүй. Хоолноос зааланд урсгасан хүч хөдөлмөрийн үр дүн шууд хамааралтай. Аль болох биед ашигтай нүүрс ус идэхийг хичээдэг байлаа. Энэ 5 сарын хугацаанд хоолны дэглэм яг 100% үнэнч барьсан уу гэвэл ҮГҮЙ ээ. Завсраар нь аялалд явсаныг хэлэхүү би дэглэмтэй байгаа салат иднэ гээд хайгаад давхиад байх хэцүүгээс гадна аль болох уур амьсгал эвдэхгүй үүднээс багахан идэхийг хичээгээд тахианы махтай хоол л ихэнхидээ идэж явсан.

Цагаан будааны оронд бор будаа идээд бүх чихэр шокладыг тэглэсэн. Гурил идэхээ больсноос хойш үр дүн, өөрчлөлт шууд мэдрэгдэж жин буурч эхэлсэн.

Эхний 3 сар дэглэм тууштай бариагүй бол сүүлийн 2 сар 90%-н гүйцэтгэлтэй. Дундуур нь cheat day-үүд олон байсныг нуухгүйээ. Гадуур найзуудтайгаа уулзах хоол идэх гэхэд идэх зүйл олддгүй тул найзуудтайгаа уулзах орой гадуур юм яриж суухаа бүр огт больсон. Дандаа завгүй гэж л хэлж байлаа.

Миний дийлэнхидээ өдөрт иддэг хүнс нь:

-Тахианы цээж мах

-Бор будаа

-Грeк йогурт

-Чихэрлэг төмс(маш их)

-Бүх төрлийн ногоон өнгөт ногоо (тэр дундаа леттус)

-Өндөг өдөрт 5 ширхэг (тийм амархан биш)

-Самарны цуглуулга

-Жимс

Эдгээрийг чанаж бэлтгээд савлан гадуур авч явдаг байлаа. Хамгийн дуртай хүнс маань чихэрлэг төмс болон дүпү.

img_6518 Солонгост чихэрлэг төмсийг өргөнөөр хэрэглэдэг. Ууттай чанасан төмс гаргаад идэж байвал хэн ч гайхахгүй. Өлсөхөөрөө өндөгөө иддэг бол нэг бэлдсэн хоолоо 4 хувааж идэхийг хичээдэг ч дээд тал нь 3 хувааж иддэг байсан. Хоол эрт дуусчихдаг эсвэл илүү гарна. Чихэрний оронгоор тараг алим иддэг.

Давсаа хассан. Би давсгүй амтлагчгүй хоол идэхдээ голж маяглаад байдаггүй давуу талтай.

Сонирхуулахад: Тэмцээний дэглэмтэй байх үед нэг орой яг үнэхээр бургер идмээр санагдаад бургерны тухай л бодол эргэлдээд байхаар нь найздаа бургер авч өгсөн. Найзыгаа идэж байхыг хараад алив нэг үнэрлэе гэх зэргээр сэтгэлээ тайвшруулах гэж оролддог байв.

Дэглэм барих нь миний хувьд бодосноос хамаагүй хэцүү санагдсан ч тэмцээн дууссанаас хойш эргээд хоолоо бэлдэж явмаар санагдаад байдаг болсон байна.

Хоолыг ялна гэдэг нь бүхнийг ялахтай агаар нэгэн буй ажээ.

Тэмцээний өмнөх 2 хоног ус уугаагүй бол дэлгүүрийн гадаа өрчихсөн ус яг далай шиг л харагдаж билээ. Уухсан гэхээс бороонд норж буй мэт л төсөөлөгдөөд л. Гэхдээ өөртөө үнэнч байж үнэхээр ус уугаагүй.

Эцэст нь хэлэхэд стресс уур бухимдлыг согтууруулах ундаа хэзээ эмчлэхгүй. Сэтгэл дэх хоосон орон зайг хоол хэзээ ч дүүргэдэггүй. Юу чамайг чамд  өөрт чинь таалагдахаар болгохоор байна тэр бүхнийг л сонгох хэрэгтэй.

Өөрчлөлт үр дүн

Харагдах байдлын хувьд хангалттай сайн хэмжээнд илүүдэл жингээ хаясан. Суурь булчингийн хөгжил сайжраад биеийн ерөнхий хүч нэмэгдсэн. Мөн хөл хөнгөрөөд гүймээр л болоод байгаа. Уг нь би гүйлтийг үзэн ядах шахуу дургүй хүн л дээ. Бага хэмжээний маратонд ороод хаширчихсан санагддаг. Харин дуртай юмныхаа араас бол гүйгээд байх шиг.

Биeийн жин хэдэн жилийн өмнөхтэй ижил хэмжээнд очсон ч илүү чанартай биетэй болсон гэж бодож байна. Илүү хүчтэй, тэсвэртэй, чийрэг, эрүүл, чанга, булчин+лаг.

Энэхүү сунадаггүй улаан утсыг 1 жил орчим зүүсэн ба таслалгүйгээр тэмцээний тайлж өмнө авсан. Анх зүүхдээ энэ утсыг доош нь шувталж гаргана гэж зорьсон бол яг тэмцээний өмнөх өдөр зорьсондоо хүрсэн.

Хамгийн дургүй хэвлий хэсгээрх өөхлөлт, хөлийн ард талын цeллeлут гарын шууны өөх арилсан.

Сэтгэл санаа

Номер нэг зүйл бол сэтгэл санаа, түүний дархлаа хөгжил. Түүний хүч тэнхээ нь ямар ч хүчирхэг булчингаас илүү санагдана. Яг яагаад эхэлсэнээ сэтгэлийнхээ мухарт мэдэж байгаа хэрнээ болих шалтгаан эрж хайн энэ хүрээд зогсоход хангалттай гэсэн бодол төрдөг. Яг энэ хүрээд зогсоход хангалттай гэсэн бодол хандлага л өөрийгөө өөр түвшинд аваачихад саад болоод байсан. Нөгөө нэг хүсээд байсан комфорт бүсээсээ гарах гэж оролдож буй атлаа хил дээр нь ирээд ухармаар санагдах нь “Одоо хангалттай, ингээд орхиход болно” гэдэг бодлоос үүддэг юм байналээ. Хуучин хэвэндээ оччихлоо одоо боллоо гэж бодож байгаа ч сэтгэл дотроо өөрөөсөө шал өөр хүнийг хармаар байгаа болохоор л энэ бүхнийг эхэлсэнээ мартчихаад байсан. Бусдын өмнө эвгүй байдалд орж өөрийгөө тухгүй байдалд оруулсанаараа хүн нэг алхам урагшилдаг. Дандаа чаддаг мэддэг зүйлээ хийгээд байвал тухтай тэр бүсдээ үлдэх учраас тэр бодлыг “Үгүй ээ би энэнээс илүү үр дүнд хүрнэ” гэсэн сэтгэл зүйгээр ялах ёстой. Намайг үнэхээрийн тухгүй байдалд оруулж чадсан, цоо шинээр сурсан өмнө нь оролдож үзээгүй зүйл бол тайзан дээрхи поз барилт. Хичнээн мундаг дасгалаа хийдэг байлаа гээд түүнийгээ тайзан дээр харуулж илэрхийлж чадахгүй бол тэр олон сарын хөдөлмөр талаар өнгөрнө гэж бодохоос хайран. Дасгал хийхээс илүүтэйгээр поз барих тайзан дээр өөрийгөө өгүүлэмжтэйгээр илэрхийлэх нь хэцүү санагдсан.

Би өөртөө таалагдаж байж л сэтгэл тайван уур уцааргүй инээд хөөртэй байж чадаад байх шиг. Өөрийгөө таргалж байна гэж мэдээгүй, анзаараачгүй. Болоод л яваад байсан ч  70кг бол нэг мэдэхэд л ороод ирнэ түүнээс 80 хүрэх бол агшин зуурын амархан асуудал. Харин тэрнээс гарах гэж сэтгэл санаа хүчин мөхөсдөж магад тул эртхэн л арга хэмжээ авахыг хичээсэн нь тэр. Тэр дундаа 3 хүний 3 нь маш туранхай хүмүүсийн нийгэмд амьдардаг болохоор хамгийн том размeр нь л таарна. Түүнээс болж стрeccдээд улам их иднэ. Солонгосчууд үнэхээр нарийхан.

Хамгийн чухал нь харамслын түвшинг хамгийн багад барих буюу харамсах зүйл багатай байхаар зорилгоо ухамсарлан өөрийгөө хуурахгүй байх явдал.

Нэг их хоолондоо анхаарахгүйгээр дасгалаа янзын сайн хийгээд байж болох ч дотор сэтгэлдээ хоолондоо анхаарах хэрэгтэйг мэдээд л байдаг. Бургер идэж байхдаа дотроо бол идэх ёсгүйгээ мэдээд дараа нь яах гэж идэв гэж харамсдаг яг тэр үеүүдэд л би eр нь чадахгүй нь гэж урам хугардаг байлаа.

Фитнесс чинь эрчүүдийн спорт эрэгтэйлэг болчихно хэмээх сэрэмжлүүлэл олонг хүлээн авсан ч өөрийн биеэс ургах булчингийн ширхэгийг мэдрэх нь аятайхан мэдрэмж. Өмнө нь байгаагүй зүйл гараад ирчихсэн туранхай бие биш эрүүл чийрэг бас эрч хүчтэй болоод ирэхээр сэтгэл санаа маш өөдрөг.

Хүмүүс ярьж л байдаг. Ихэнхи ярьдаг хүмүүс хийдэггүй…

Тэмцээний өдөр

KAFF( Korean Athletics Fitness Festival) бодибилдингийн спорт сонирхогчдын дунд зохион байгуулагддаг энэхүү тэмцээн өндөр зэрэглэлийн зохион байгуулалттай байсан болохоор нэгэн хэсэг нь болсондоо сэтгэгдэл тун таатай байгаа. Тэмцээний өглөө шоу болох танхимруу ороход “figure” ангиллыг тамирчид тайзан дээр өрсөлдөж байхыг харангуутаа л сэтгэл тайвширчихсан. Өргөн том тайз гэрэлтүүлэг, зай талбай нь сэтгэлд их нийцсэн болохоор тайван сандрахгүй байж болохнээ гэсэн cэтгэл уужуу мэдрэмж төрөөд тайзруу гаран гартлаа тэгж их сандраагүй ч тайзан дээр харьцуулсан поз барьхад нилээд сандарсан шүү.

Миний оролцсон “Бикини Модeл” ангилал нь дан ганц бие бялдрын хөгжлөөр зогсохгүй өөрийгөө илэрхийлэх байдал гоо зүй зэргийг давхар шүүдэг учраас ихээхэн субъектив гэж хувийн зүгээс харсан. Өмнө нь Монголд болоод Солонгост тэмцээн үзэж байхад анзаарсанаар Солонгос тамирчдын давуу тал бол  позыг өндөр түвшинд барихын зэрэгцээ эмэгтэй хүний гоо зүйг тайзан дээрээс төгс илэрхийлж чаддаг нь билээ.

Тайз

Тайз тэр чигээгээ увьдастай буумааргүй ч юм шиг инээмсэглээд л зогсоод баймаар сайхан санагдсан. Бэлтгэл сайтай байх нь л сандрахгүй амжилттай байхын гол цөм нь гэдгийг их сайн ойлгоод буусандаа.

Бэлтгэл сайтай хангалттай сайн өөрийгөө бэлдсэн хүн л өөртөө итгэлтэй байдаг.

Нэрийг маань дуудаад би ч алхаад л гарлаа бэлдсэн зүйлээ ч үзүүллээ. Алхаж байх үед эмэгтэйлэг гэгээлэг мэдрэмж төрж байсан ба өрсөлдөгчидийг ч нэг их анзаараад байж чадаагүй. Инээмсэглэлийн тухай л бодогдож байсан ч одоо бол сайн санахгүй юм. Ямартай ч юу боломжтой гэдгийг ухаарсан сайхан туршлага боллоо.

Нэг үүд нээгдэхэд үүд үүд нээгддэг.

Түүхийн багш маань үргэлж ингэж хэлдэг байсансан.

Тайзан дээр гарахаас 5 өдрийн өмнөх сэтгэл зүй:

3 сарын 25-ны өдрийн тэмдэглэлээс:

Өглөөг хэрүүлээр эхлэв. Уйлж дуусав. Уйтгарлах зүйл юусан билээдээ. Тэмдэглэл минь чи л үүнийг мэдэг. Өөр бусад нь мэдээд төвөг биздээ.

Дасгал хийгээд даруй таван сар 20оод хоног. Өглөө босоод ус балгаснаас биш ер өлсөхгүй юм. Сэтгэл цадасных биз. Өчигдөр бэлтгэлээ муу хийсны дээр идэх ёстой калориа хэтрүүлэв. Түүнээс болж одоог хүртэл сэтгэл тааруу. Өнөөдөр зураг авалттай хэхэ. Богино хэмжээний бичлэг хийлгэх гэж трэйнер болон gym buddyтайгаа уулзах замд сараачив. Төсөөлөгдөхгүй байсан тайзны тухай бодол орж ирэхэд нэг чадахгүй нэг чадна гэсэн холимог мэдрэмж төрөөд айж байх шиг. Эцсийн бүлэгтэй айдсаа даван дийлэн “Comfort Zone”оосоо өөрийгөө чирэн гаргахад яг 7 хоног үлдлээ. Үлдсэн 7 хоног сэтгэл санаагаа тайван байлгах стрессдэхгүй байх, санаа зовохгүй байхад л анхаарчихвал 5 сарын хөдөлмөрөө дүгнэх тавхан минут айсуй.

f867ad89-e728-4dd1-b25d-0b97fc02ccfa
Баруун гар талаас Уянга, Tрэйнeр Өлзийхишиг, Сувд-эрдэнэ болон миний биe

Найзтайгаа цуг ажиллангаа зовлон жаргалаа ярьна, кофены цагаар хамтдаа суугаад мөрөөднө, эргэж газартаа буугаад ажилдаа орно энэ л эгэл даруухан мөчүүдэд үргэлжийн хамт байж бие биеэ урмаар тэтгэсний хүчинд л хоёулаа тайзан дээр гарлаа.

Эцсийн зорилго
KOREA ATHLETICS FITNESS FESTIVAL 03.31.2018

Өөрийнхөө хүсдэг, өөрөөсөө харж болох хамгийн сайн төрхөө өөртөө бүтээх , хэн нэгнийг харан санаа алдахгүйгээр өглөө бүр толинд хараад тэрхүү сайхан мэдрэмжээр өөрийгөө цэнэглэх нь миний зорилго.

Хүмүүс дэмжихээсээ илүү няцаана басна, аль хэдийн хийчихсэн байсан ч үгүйсгэнэ.

Заавал банк санхүү ч байснаар сайхан ажил мэргэжилтэй гэж тооцогдон нийгмийн байр суурь өндөр гэж үнэлэгддэг байсан эрин зуун хорьдугаар зуунд ард хоцорч хийж буй зүйлдээ дуртай түүндээ үнэнч хийгээд уйгагүй зүтгэлтэй хүн өндөрөөр үнэлэгддэг болжээ. Юу хийх нь сонин биш. Яаж хийх нь чухал.

Бид их бага хэмжээгээр таргалалттай нүүр тулдаг. Бусдын зохиосон “Beauty Standard” гэх гуалиг биё зорсон мэт порпорцонд таарах гэж өөрийгөө бусдын бодлоор хэмжүүлэх гэж энэ бүхнийг би хийгээгүй. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хүсээд илүү сайн хувилбараа бүтээх гэж зорьж буй болохоор л хийсэн зүйл билээ. Та ямар ч  биeтэй байж болно харин та түүнийгээ хэрхэн тодорхойлохоос олон зүйл хамаардаг болохоор өөртөө сэтгэл хангалуун байх тань таны эцсийн зорилго байгаасай гэдгийг хэлэхийг хүссэн учраас энэхүү тэмдэглэлийг хэрэг болгон бичлээ.

Дасгал хөдөлгөөн бол зүгээр нэг хүнд ачаа өргөөд буй зүйл биш амьдралын аз жаргалын нэг хэсэг юм.

Өөхийг ялна гэдэг нь өөрийгөө л ялахтай адил гэж дүгнээд бичвэрээ дуусгая.

Хүн хэзээ ч эхлээд хаана ч хүрч болно гол нь тууштай…