First of three months in review 2018

2017 онд сар бүрийн ревью бичиж ирсэн бол энэ онд гурав гурван сараар ревью бичихээр шийдсэн. Чингэхдээ юу хийсэн хийгээгүйгээ хүүрнэн өгүүлэхээс гадна бодит өөрчлөлт үр дүнгийн тухайд бичихийг хичээх болно. Сар бүрээр амьдралаа дүгнэдэг энэхүү аргыг оройтож ухаарсан ч хэрэгжүүлж эхэлсэнээрээ хаана байснаа, хаа хүрэхээ мөн хаана яваад буйгаа бодитойгоор цааснаас харж чаддаг болж. Өөртөө хэрхэн худлаа ярьснаа, хэр их дэмий мөрөөдсөнөө, хэрэгжүүлээгүй зүйл хичнээн их байгааг мэдэж авдаг.

Ингэсхийгээд явж байтал амьдрал аяандаа сайжрахгүй нь лавтай. Жаахан зүтгэлтэй байвал буруудахгүй. Адаглаад л бодоод байгууштай.

Үлгэрийн төгсгөл үргэлж сайхан байдаггүй.

Тус онд жаахан даацтай 4 ревью бичих санаатай. Энэ оны эхний 3 сард дараах 8 үйл явдлыг онцлож байна.

1. Харагдах байдлаа өөрчилсөн.

Өөрийгөө өөрчлөх үүднээс үсээ будав. Eвроп хүүхэн шиг гоё үстэй болчихно гэж бодсон чинь тэгээгүйээ. (Failed) Шар болсон үс маань таалагдаагүй учраас бантсандаа буцаагаад бараан болгохоос хайран санагдаад цэнхэр болгочихсон. Үсчин залуу хэлэхдээ удахгүй цайраад саарал болно гэхээр нь итгээд будуултал цайрахдаа өдөр бүр өөр өнгөөр хувираад байсан.

Шар, цэнхэр, саарал, ногоон гээд арван зургаа шахуу өнгийн үсний өнгийг нэг дор туршсаны эцэст ямар өнгийн үс зохихыг мэдээд авлаа. Байгалиас заяасан бараан үс дээд зэргээр зохих ч шаргал, саарал, ногоон туяатай өнгө бас дажгүй харагддаг шүү. Хааяадаа үргэлж харагддгаасаа өөр байх нь зүгээр ч юм шиг.

2.Өвлийн Олимп

Processed with VSCO with hb2 preset
The PyeonChang 2018 Olympic Winter games
Тамирчдын хүчирхэг бие хаа, хийж байгаа зүйлдээ төгс байдал нь намайг үнэхээрийн бишрүүлсэн. Спортод дуртайгаас гадна бага сага оролддог болохоор цаанаа л нэг хийж буй зүйлдээ улам сайн байх хэрэгтэй шүү гэсэн урам зоригийг тэдгээр гайхалтай тамирчдыг хараад мэдэрсэндээ. Магадгүй би энэ мэссежийг авах гэж л тийшээ явсан байх.

3. Тэмдэглэлийн шинэ систем.

img_5699
Эх сурвалж: https://huvtsasburhan.wordpress.com/2018/01/31/18447/

Өдийг хүртэл туршсан тэмдэглэл бичих аргуудаас хамгийн үр дүнтэйгээр шинэ зуршлыг бий болгох энэ аргыг Хувцас Бурхан блоггероос сурсан.

Би яг ингээд хүмүүсээс нарийн нандин юм сурах дуртай.

IMG_8344
Миний туршсан хувилбар

Habit’s but a long practice, which becomes your nature in the end. Aristotle

Зуршил нь эцэстээ таны төрөлхи чанар болдог гэж орчуулмаар юмуу. Үнэхээрийн утга агуулга сайтай өгүүлбэр. Юуг тасралтгүй давтана тийм л хүн болно.

4. Baler Philippines

Processed with VSCO with g3 preset
Baler town, Philippines 21.2.2018

Үргэлж хийхийг хүсдэг ч тэр бүр хийж чаддаггүй зүйл маань аялал. Энэ удаад оны эхэнд аялалд гарсан нь сэтгэл санаанд эeрэг өөрчлөлт авчирсан. Филиппин сайхан нутаг. Хааяадаа нэг очиж байхад гэмгүй. Халуун дулаан уур амьсгал шинэ энергиэр сэлбэгддэг.

Филлипин яагаад явах ёстойг эндээс уншаарай.

5. Boracay Latin Dance Festival

A2EA9ED9-77CE-46F4-A1C8-CDC91215CF7B.JPG
Boracay Latin Dance Festival 23.2.2018

Өнгөрсөн жилээс бодож эхэлсэн зүйл бол дуртай зүйлүүдээ нэг дор хослуулах.  Бүжиг, аялал, блог гэх мэт. Энэ утгаараа хамгийн анхны шахуу хилийн чанад дахь Латин Фестивал нь энэхүү фестивал байлаа. (Солонгосыг тооцохгүй байгаа).

Далайн эрэг дээр кизомбагаа бүжиглэхсэн гэж хүсэж явснаа биелүүлсэн. Хэдхэн жилийн өмнө мөрөөдөл байлаа шүүдээ.

Арлын тухайд

Боракай арлаар өглөө алхах л хамгийн их таалагдсан. Ус нь татарчихсан цав цагаан бас их даруухан давалгаатай.

Нар жаргах үест эрэг дагуу хөгжин хөөрөх дуу хөгжим бүжгээр холбогдсон хүмүүс…

Дулаан орон далайн эрэг хоёр нь латин бүжигтэй төгс хосолдог.

3 өдөр хөлөө өвдтөл элсэн дээр дэвхцэв! Өөр хаанаас тийм баяр баясалтай болохсон билээ.

Жилдээ нэг удаа заавал иймэрхүү фестивальд оролцож нүд чихээ нээж баймаар. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүсийн хүрээлэл дунд байх сайхан. Хоорондоо үггүйгээр л ойлголцдог юм байналээ.

6. John Legend concert 

img_6362
John Legend, Seoul Concert 15.3.2018

Түүнийг төгөлдөр хуураа тоглон дуугаа дуулахыг харах ер бусын атлаа тун энгийн  санагдсан. Яриа нь хөврөөд л яг л дуулж байгаа шигээ уянгалаг. Клипэн дээр гардгаасаа илүү царайлаг, дундаж өндөртэй алхаж гишгэж буй нь бөөн донж. Тоглолт яг цагтаа эхлэн гэрэл унтрахад Жон дуулж эхлэхэд өөрийн эрхгүй уйлчихсан. Хүн нүдэндээ итгэхгүй байна гэдэг л тэр байх. Зүв зүгээр амьдраад явж байтал Жон Леженд нүдний чинь өмнө гараад ирвэл та ч гэсэн юу билээ гэж бодно биздээ. Би бүр уяраад уйлаад инээгээд дагаж дуулаад л… Үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадсаан.

Хамгийн гоё 2 дуугаа дуулаагүй тоглолтоо өндөрлүүлсэн ч үзэгчдийн дэмжлэгээр эргэн гарч ирэн “All of me” -г  гав ганцаараа төгөлдөр хуурийнхаа ард дуулсан. Гэрэл түүнд дээр л тусна. Хаанаас юм гараад ирсэн ханхүү шиг л.

img_6323Хайрын бурхан, романтик залуу эхнэр охиныхоо тухай ярисаар тэрхүү оройг дуу хөгжимөөр хөглөсөн бол өөрийн эрхгүй зүрх хайраар дүүрээд цаанаа л нэг гэгээлэг болоод явчихсан. Тэрээр нэгэн бүсгүйг үзэгчдийн дундаас сонгон тайзан дээр уриад цуг бүжиглэсэн нь тоглолтын хамгийн их гоё хэсгүүдийн нэг нь.img_6365

Хэн мэдхэв өглөө нь энгийн л нэг охин байсан бол орой нь хөл доор нь Жон Леженд бүжиглэж байна гэж бодохоор амьдрал үнэхээрийн гайхалтай. Би ч өмнөөс нь л баярлаад байв аа. Хааяадаа зүрхээ хайраар дүүргэх сайхан л юм байналээ. Яасан ч ядарч цуцдаггүй хоолой вэ гэлтэй. Хааяадаа ч бүр амраасай гэж бодтол тасралтгүй дуулсандаа тэр орой.

img_6374
John is on top of his piano.

7. Эрүүл амьдралын хэв маяг

img_7375

Эх орноо орхисноос хойш оройруу орж буй хэдэн зүйлсийн нэг бол “Эрүүл байх”. Хэрхэн шим тэжээлийн дутагдалд орохгүйгээр зөв хооллох вэ микро нутриeнтээ хэрхэн зөв авах вэ зэрэг тал дээр ихээхэн сонирхож бас санаа зовж буй.

Хэрхэн балансыг олох вэ?

Хамгийн түрүүнд өнгөрсөн 2 жил цуглуулсан илүүдэл жингээсээ салахаар шийдсэн юм. Асуудлыг нүүр тулан шийдэх л хамгийн зөв арга байсан. Хүн хэзээ ч сарын дотор тураад 7 хоногын дотор эрүүлжээд 5 хоногт залууждаггүй.  Таргалсан уу? Таргалсан. Турмаар байна уу? Турмаар байна. Тэгвэл дасгал хийж эхлэe гээд л шийдвэрээ гаргасан.

Өөрт тохирсон түүнээс баяр баяслыг авч болдог сайхан мэдрэмж төрүүлдэг дасгал хөдөлгөөнийг сонгон авч амьдралынхаа хором мөчийг зориулах хэрэгтэй. Яагаад гэхээр стресс уур бухимдлыг согтууруулах ундаа хэзээ ч эмчлэхгүй. Сэтгэл дэх хоосон орон зайг хоол хэзээ ч дүүргэдэггүй. Юу чамайг чамд  өөрт чинь таалагдахаар болгохоор байна тэр бүхнийг л сонгох хэрэгтэй. Өөртөө л таалагдвал амьдрал тэр чигээрээ өнгөтэй. Дасгал хийсний дараагаар эрч хүч, баяр жаргал, сэтгэл хангалуун байдал мэдрэгддэг. Энэ нь тархи судлалын шинжлэх ухаанаар батлагдсан. Цаадах чинь нэг Ted Talk үзсэнээ хэлж байгаа юм.

Сайн дасгалжуулагч багш, чанартай хүнс үнэтэй байлаа гээд бид тэр байтугай л эд хэрэглэл авдаг. Хувцас хэрэглэл хуучирч би гэдэг хүн энэхэн биенээс өөр баялаггүй болохоор эрүүл мэнддээ л хөрөнгө оруулах ёстойгоо их ойлгоод ухаараад байна. Гоё ганган дэгжин гэхээсээ илүү эв эрүүл байвал ямархан сайхан бэ.

Эрдэм мэдлэг хэдий чухал ч энэ биeийн эрүүл байдал хамгаас чухал.

8. Бодибилдингийн спортын тэмцээнд оролцов.

facetune_04-04-2018-14-21-36
KOREA ATHLETIC FITNESS FESTIVAL 2018.03.31

2018 оны 3 сарын 31д БНСУ-д зохион байгуулагдсан KOREA ATHLETIC FITNESS FESTIVAL (KAFF) тэмцээнд “Бикини Мисс” ангилалд оролцсон. Ямар нэгэн шагнал урамшуулал хүртээгүй ч өөрийн зүгээс өөрийгөө ялсанд тооцож буй.

Тэмцээнд оролцсон тухайх маш нарийн тодорхой дэлгэрэнгүй тэмдэглэл.

Миний хувьд өөрийгөө ялах гэдэг нь хийхийг хүсэхгүй байгаа ч хамгийн их хийх хэрэгтэй ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэн түүнээс тодорхой хэмжээний сайн үр дүн хүртэх гэсэн үг. Яг ингээд тайзан дээр гарах хүртэлхи зам нь их урт мөртлөө тайзан дээр eрдөө тавхан минут болдог хатуу чанга, хүч тэнхээ сорьсон спорт. Товчхон дүгнээд хэлэхэд амархан байгаагүй ч маш их сонирхолтой. Яг булчин нь өсөөд бүсэлхийгээрээ нарийсаад буй нь бодитоор мэдрэгддэг болохоор их урамтай.

Тэмцээнд оролцсоны дараагаар өөрийн эрхгүй гоо сайхны тухайх харах өнцгөө өөрчилчихшиг болсон. Моделуудыг бишрээд байхаа бараг больсондоо. Сул хүчгүй унжгар биетэй байх нь жаахан тийм. Зүгээр л туранхай байна гэдэг сонирхолгүй.

img_7348
KOREA ATHLETIC FITNESS FESTIVAL 31.03.2018

Одоо эргээд энгийн хоолоо идэж байгаа. Хамгийн гол өөрчлөлт бол юу боломжтой вэ гэдгийг мэдэж авснаас гадна илүү зорилготой болсон байна. Тэмцээний өмнөх өдрүүдэд их айж сандарч эргэлздэг байсан ч гэсэн тайзан дээр гараад бууснаас хойш урам зоригтой, хөнгөн шингэн, тархи толгой сэргэг сэтгэл санаа тайван болжээ.

Эдгээр 8 үйл явдал нь өнгөрсөн 3 сард надад тохиолдсон хамгийн гол үйл явдлууд байлаа. Зүгээр огт суугаагүй завтай ерөөсөө байгаагүй үр бүтээлтэй 3 сар болж өнгөрчээ.

Дараах бичил үйл явдлуудыг мөн онцлон хянан тохиолдуулав.

Хамгийн гол нөлөө үзүүлсэн хүмүүс

Надаас өөр намайг хөдөлгөх хүн нэгээхэн ч үгүй.

Би ѳѳрийнхѳѳ тухай мэдэж авсан хамгийн гол сургамж, мэдлэгүүд

Бусад хүмүүс ярилцах дуртай байдаг. Бусад хүмүүс бас тийм ч их зантай биш.

Би түрүүлж яриа өдөөд өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүйлдээ.  Их зан уу ичимхий бүрэг байдал уу бүү мэд. Нэг Энэтхэг найз маань нутаг буцах болоод намайг өөрийн farewellдаа урьсан юмлдаа. Харин тэнд өмнө нь таньж мэдэх ч би ерөөсөө ярьж үзээгүй хэдэн бүсгүйчүүд ирсэн байсан нь Өмнөд Африк, Америк, Франц зэрэг хүмүүс бүгд энд амьдарцгаадаг. Би тэр орой яг тэр 3 бүсгүйд өөрийгөө танилцуулаад түрүүлж яриа эхлүүлвээ. Хэн ч миний англи хэлний дутуу дулимагт анхаарал хандуулаагүй харин чи ингэж хэлэх гэж байнуу гэж засч өгөөд намайг түрүүлж ярьсанд баяртай байна гэцгээсэн. Би л өөрийнхөө өмнө хана босгочихоод англи хэлнээс болж санаа зовдогоо тэр өдөр ойлгоод дахин тэр бүсгүйчүүдтэй таарахад харин ч шинэ танил найзуудтай болсоноо анзаарсан. Ихэнхидээ өөрийгөө түрүүж танилцуулаад бага сага яриа өдөж байх нь буруу зүйл  биш байтал надад энэ сонин бодлыг хэн өгдөг байна аа.

Цоо шинээр хийсэн зүйлс:

  • Анх удаа спортын тэмцээний тайзан дээр гарсан. Спорт хүнийг гарцаагүй хүмүүжүүлдэгт итгэдэг болсон.
  • Олон улсын бүжиг сонирхогдчын томоохон фестивалийг үзэж сонирхох боломж олдсон.

Авсан хамгийн үнэтэй сургамж зөвлөгөө: 

” Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө.

Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно”.
Б.Лхагвасүрэн

Нэгэн мундаг хүний хуваалцсанаар энэхүү хэдэн мөрт мэдэж авсанаар сүүлийн үед энэнээс үнэн зүйл байхгүй мэт л санагдаж байна.

Миний энэ 3 сар хийсэн зүйлс маань холын зорилгоо шинээр тодорхойлоход амьдралын хэв маягаа өөрчилөхөд тусалжээ.

Т.Тэргүүнжаргал.

Сөүл хот.

Cover Photo by Estée Janssens on Unsplash.