Хятад маягийн үдэшлэг

Хятад улсаар зорчсон тэмдэглэл

Хичнээн том улс хичнээн олон хүн бэ?

Бид ямар гээчийн том акулын дэргэд амьдардаг юм бэ…

1_7mBaAxdFMiasBNnFhEGDxg@2x
Шанхай миний дуранд

Дэвэн дэлхийгээр тэнэхсэн гэж хааяа би боддог юм. Сайхан хүсэл шүү. Биелүүлнэ ээ биелүүлнэ.

Саяхан би 6 сард гэртээ хариж ирэх замдаа Хятадаар дайраад гарсан юм. Үдлээд буцна гэдэг шиг удаагүй ээ хэдхэн л хоносон. Аялал гэхэд арай богинодохоор энэ хэдэн өдөр ихийг бодож амжаагүй ч ганц 2 сүрхий бодол сэтгэл зүрхэндээ тээв.

шанхай
4 жилийн дараа

Зурган дээр байгаачлан Шанхайд дахин 4 жилийн дараа хөл тавив. Өөрчлөгдсөн зүйл бараг л байгаагүй ч би гэдэг хүн багахан инээмсэглэл тодруулж чаддаг болсон байна. Гэхдээ би энэ нь дотоод сэтгэлийнх гэж харж буй.

Нэг газар 2 удаа очино гэж байдаггүй юм байналээ. Очих бүрт өөр түүх, өөр дурсамж бүтдэг.

Хамгийн анх шахуу харсан өндөр хөгжилтэй хот хэрнээ цаанаа л хүйтэн сэтгэлд таагүй дурсамж тээдэг байсан ч энэ удаад эсрэгээрээ дурсамж тээх болов.

1_1LaUXDsKN5QVMQzz_wCviQ@2x
Хотын төвөөр

Family Mart-ийн үүд сахин будааны ороомог авч идэн энгийн атлаа сонирхолтой 8 хоногийг Шанхайд үдэв. Залуу хүмүүс хэрхэн аяладаг вэ гэдгийг гурван найзын хамтаар харлаа.

Бид 4т энэ 10 гаруй хоногийн турш хань болсон зүйлс нь 1 уут шокладтай чихэр мөн ууттай самар. Эвтэй гэгч нь чихэр самараа хувааж идэн  ая эвээ олоод л яваад байсан. Сүүлд замд ирэхэд нэгэнтэй нь бүр муудаад ирэх шиг болсон. Ингээд бодохоор надад бусдаас ялгараад байх сайн чанар алга гэхдээ бас яадгаа алдсан муу зүйл ч алгадаа. Хамгийн гол нь бид их өөр юм. Хүн болгон миний тээдгийг дотроо тээж явах албагүйгээс хойш.

Бид Сөүлээс эхлэлтэй Шанхай Бээжин Эрээн хотуудаар дайран гэртээ ирцгээсэн.

Сөүлээс Монголруу шууд нисэхээс даруй 2 дахин хямд билеттэй байсан учраас нэн хэрэгтэй туршлага болсон. МИАТ үнээ буулгахгүйгээс хойш арай сонирхолтой замаар явъялдаа Солонгост байдаг Монголчуудаа. Цаг их зарцуулах ч жаахан юм үзэж хармаар байвал газраар яваарай.

Энэ хэдэн өдөр дараахийг эргэцүүлэв.

Аялагч сэтгэл зүй

  • Аялаж явахдаа хамгийн гол сурмаар зүйл бол тухайн цаг хугацаандаа бүрэн сэтгэл зүрхээрээ амьдрах түүнийг үнэлэх. Бид хэзээ юу тохиохыг тэр бүр мэдэхгүй ч алдсан өнгөрсөн хойноо ухаарах юмдаа.
  • Аян замд хол яваа нэгнээ битгий дарамталж сэтгэл санаагаар унагаж байлдаа хүмүүсээ.
  • Аялаж явахад хүмүүсийн шуурганд дасдаг юм байна. Тэд ирж л байдаг явж л байдаг. Би өөрөө ч тэр явах хүн нь болохоор хөнгөн гунигтай ч ар араас ундрах адал явдалууд л бодогдоно.
  • Орхиж бас үлдээж буцаж ирж сурууштай. Хамгийн гол нь зүрх сэтгэлдээ үнэнийг тээвэл тэгээд болно. Хүн үдэх, хүнээс салах дургүй ч дасах л ёстой зүйл ажээ.
  • Аялал алдсан ухааныг минь надад эргүүлж наахгүй байх харин ихийг бодуулах юм. Бодно гэдэг л хангалттай ухаансан.
Зөн совиндоо итгэ

Энэ магадгүй хамгийн зөв сонголт байж магадгүй. Тархи чинь хий харин зүрх чинь битгий хий гэж байвал зөн совингоо сонсох хэрэгтэй юм шиг санагдсан. Өөр нэг сонголт үргэлж байдаг.

Бид их өчүүхэн

Аялдаггүй эсвэл нүүдэггүй бүр нэг газраасаа холдож үзээгүй бол та ингэж бодож магадгүй. Хүмүүс надад цагаа зориулах ёстой мөн хүмүүс намайг гэх ёстой гэж. Гэхдээ огтхон ч тийм биш. Тэгэх ч албагүй. Энэ хорвоогийн тоосыг хөдөлгөлөө гээд дэлхий ертөнцөд ямар ч хувь нэмэр оруулахгүй байж болно. Харин ч гай болохоос цаашгүй өчүүхэн амьтан болохоор надруу харах нүдний харц бүрт талархая. Амьд гэдгийг минь мэдрүүлж байгаа болохоор тэр.

Харь холоос зориод ирсэн найз нөхөд болон таньж мэдэх хүмүүстэйгээ уулзаж байгаарай. Тэдэнд таниас өөр хүн байхгүй ч юм билүү. Бид хүмүүсийн тойрогт л амьдардаг шүүдээ. Бид их өчүүхэн олон талаараа.

Шувууны үүр
Хятад улсын хөгжил дэвшил

Хүн бүр Хятад явж үзсэн шахуу болохоор энд олон зүйл нуршихгүйээ.

Ахуйн талаасаа эмэгтэй хүний хувьд анзаарахад хэдхэн жилийн өмнө очиход байсан бүдүүлэг бохирдуу байдал ор мөргүй болсон санагдсан. Гадаа талбайн хоолны газар ариун цэврийн шаардлага хангаагүй нойл зэрэг нь алга болжээ.

Очсон газар бүрт барууныхан Хятадаар ярьж соёлд нь уусан дасан зохицсон байхыг харах ч бас гайхалтай л байлаа.

Их гүрний бодлого юмдаа. Нэг ширхэг Монгол хүн Хятдын их хүн ам дээр хувийн жин нэмэхгүйгээс хойш сурах юмаа сурч аваад л ирвэл зохилтой.

Хятад хэлийг харин сурмаар санагдсаан.

Хэл мэдэхгүй болохоор яагаад ч юм тэнэг юм шиг санагдаад байдаг юм.

2 найз маань мундаг хятадаар ярьдаг болохоор надад харахад хүртэл сайхан байсан. Аялалын турш цаг хугацаа энергиэ харамгүй зориулсан найзууддаа баярлалаа.

Бээжинд болсон явдал

Артиклынхаа гарчигийн тухай энд өгүүлье.

Бээжинд очсон хүн бүр ярьдагдаа нөгөө нэг шоуны гудамжны тухай. Бид ч тэрүүгээр дайраав гарав.

Яагаад тэгж хамаг олноороо тэнгэр шиг том талбайд бүжнэ вэ?

Тэр их олон хүнийг тийм том газрууд л агуулдаг байхдаа. Зай талбайн хувьд үнэхээр сүрдмээр том шүү.

Хятад дуу хөгжим хүмүүсийн хөгжилдөх соёл нь биднийхээс их өөр юм.

Тэд нэг доороо зогсоод нэг их хөдөлгөөн хийж гавихгүй гараа савчуулан бүжиглэх аядан зогсоно. Азаар гэрэл нь анивчдаг тулдаа бүжиглэж буй мэт л харагдана. Та нар мэдэж байгаа байлгүй нэг тийм эрчтэй хөгжим.

Монголчууд маань хаа очиж найранд 3 дуутай наадамд 3 даваатай гэдэг шигээ адтай хүмүүс шүү. Бид өөрсдийгөө Ази биш гэж бараг боддогдоо.

Хичнээн том улс хичнээн олон хүн бэ?

Бид ямар гээчийн том акулын дэргэд амьдардаг юм бэ…

Одоо яваад нэг хэсэгтээ л ирмээргүй санагдаж байна.

Сурч мэдэж боловсорч үзэж харах зүйл олон байнадаа.

Тэргүүнжаргал

2018 он 8 сар 28

Сөүл хот