Хэрхэн сэтгэл татам хүн болох вэ?

Сэтгэл татам хүн болохын хамгийн гол цөм нь хэн нэгэн хүн гарч ирээд чиний амьдралыг бүрэн бүтэн болгоно, тэр хүнээс болоод чи өнгө зүсийг олж, ажил үйлс чинь бүтэж, ар тал чинь найдвартай болж зүг чиг тодорхой болно гэдэг бодлоо ор мөр авч хаяахаас л эхлэнэ. Чиний дутууг нөхөж дундуурыг чинь дүүргэн үргэлж ойлгож халамжлах тэр гэгээн сайхан хүн байхгүй.

Чи одоо ингэж үлгэн салган амьдарч байгаа хэдий ч сэтгэлийг чинь дүүргэх, амьдралыг чинь бүтэн болгох нэгэн биений нөгөө тал “заяаны хань” гэх этгээдтэй учирчихвал л чи жаргалтай сайхан амьдарч эхлэхгүй.

Тэр нэг аятайхан залуу/бүсгүйтэй нийлчихвэл л жаргалтай болоод сэтгэл хангалуун болно гэсэн үг биш гэдгийг хэлж байгаа юм.

Тэр л чамайг жаргалтай болгоно гэсэн итгэл тээж эхлүүлсэн харилцаа удаан үргэлжилдэггүй ба бусдаас өөрийг чинь жаргалтай болгохыг ердөө нэг хором шаардахад л бусад хүмүүс чамаас бушуу түргэн зугтаж эхэлдэг. Харин тус тусдаа өөр өөрсдийн хүсэл сонирхол, аз жаргалаа олчихсон хүмүүс буюу өөрсдийгөө олж яваа хүмүүс нийлбэл тэндээс дан ганцаар явсанаас илүү үр дүн гарч өвс ногоо, цэцэг жимс дэлгэрдэг.


Хийдэг зүйлдээ сайн байх зорьсондоо зоригтой хүрдэг тэр нэг байдал л ямар ч хүнийг тэр гэхийн аргагүй халуухан амьтан болгож хувиргадаг.

Ердөө энгийн.

Хийж байгаа зүйлдээ л сайн хийгээд тууштай байх нь хангалттай секси харагдуулдаг тул хэрхэн сэтгэл татам хүн болж хайр дурлалын харилцаанд амжилттай байх вэ гэдгийг энд өгүүлрүүн.

Сэтгэл татам эмэгтэй

Бүсгүй хүн бол нэгэн зүйлийг бий болгогч. Тэдний оршихуй тэр чигээрээ гоо үзэсгэлэн хэдий ч дан ганц үзэсгэлэнтэй, хөөрхөн бүсгүй байх нь хэтэрхий сонирхолгүй бас хэтэрхий хангалтгүй. Бид бүгд өөрийн өнгө аястай тул тэр нэг өөрийн гэсэн өнцгөө л зүлгэхэд хангалттай.

Үзэсгэлэнтэй ч үзсэн харсан зүйлгүй хааш хааш алга дарам жижигхэн царай гэх баялагаас өөр баялаггүй байна гэдэг дэндүү ядуу хэрэг. Мөн тэрхүү гоо төрхөндөө найдан суух нь явцгүй. Хүний бие эргэлтийн бус найдвартай хөрөнгө хэдий ч ашигтай наймаа биш. Булчингаасаа өөр баялаггүй залуучууд өгзөгнөөсөө өөр өнгөтэй өөдтэй юмгүй бүсгүйчүүд моданд орсоныг бид бишгүйдээ л харж болох шиг. Гэвч мода улирч оддог тул өнгө зүсээрээ бус үзэл бодлоороо ялгарсанаар сэтгэл татам бүсгүй болно гэж томъёолж байна.

Хөөрхөн царай хаана л бол хаана байж байдаг болохоор (Монголоос гараад маш сайн ойлгосон байх) харин хэн зорилготой хэн тууштай байна л гэдэг сонин.

Зан чанарын хувьд үнэнээ хэлчихдэг тас хийгээд яс хэлсэн ам товлосон цагтаа ирдэг бол эмэгтэйчүүд минь илүү ойлгогдохсон. Гэхдээ бид тэгдэггүйлдээ. Ийм байдлаар өөр нэг эмэгтэйдээ хандвал ерөнхийдөө сэтгэл татам хүн болох ажгуу.

Эмэгтэй хүн хувцаснаасаа өөр харилцах зэвсэггүй байж болохгүй. Харин хийж чаддаг зүйлдээ итгэлтэй байх нь харагдах байдалдаа төгс итгэлтэй байхаас хамаагүй илүү.

Хүн гаднах үзэмжээр бус хандлага үзэл бодлоороо л үнэлэгддэг учраас хэн нэгний гоо үзэсгэлэнг өөртөө мөрөөдөх хэрэггүй.

Гаднаа тогос мэт үзэсгэлэнтэй хээнцэр харагдавч дотоод сэтгэлийн гүндэх айдас, өөртөө итгэлгүй байдал, тааруухан дурсамжууд нь зүрх сэтгэлийг нь эмтэлж шинэ сорилттой тулгарахаас айдаг түүнийгээ хайр найргүй далдлан нуучихаад үргэлж сайн, сайхан байх гэж хичээх сэтгэлийн зовлонд живчихсэн тааруухан амьтан байж болно.

Тэгвэл эмэгтэй хүнийг сайхан болгодог ганцхан зүйл нь хайр.

Эсрэг хүйстэнээ хайрлах хайр бус энэрэл хайр юм шүү. Цэцэг навч уул ус, байгаль дэлхийгээ хайрлан бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үздэг эмэгтэй хүний төрөлх эх зөн бусдын төлөөх сэтгэл нь эмэгтэй хүнийг улам илүү сайхан болгодог.

Дараагийн нэг эмэгтэй хүнийг сэтгэл татам болгодог зүйл бол хаана хүрээд хязгаар нь буйг мэддэг явдал мөн өөрийгөө хүндлэхэд л оршино.

Хайр дурлалын харилцаанд амжилт олмоор буй бол хувийн зүгээс зөвлөхөд харилцаанд харилцан тоглогч байхыг илүү дээр сонголт гэж хэлмээр байна. Яаж ч байсан түрүүлж холбоо тогтоохгүй буюу түрүүлж залгахгүй бичихгүй гэдэг мөртлөө яачихав гээд хүлээгээд байдаг тэр нэг хандлага дийлэнхи бүсгүйчүүдэд байгаа. Залуу л түрүүлж холбогдохоос наана хэзээ ч өөрөө холбогдохгүй гэх эхний алхмыг хийдэггүй байдал нь бүсгүйд бусад хүмүүс “Намайг гуйдаг” гэсэн бяцхан бардамнал хийгээд их зан бүрдүүлэх аж. Үнэн хэрэгтээ бүсгүй залуудаа бүх удирдлагыг шууд л өгчихөж байна гэсэн үг. Тэр л уулзая гэвэл уулздаг тэр л холбогдвол хариулдаг. Тэгсэн хэр нь дотроо бол өөрийгөө үнэ цэнэтэй эмэгтэй гэж хардаг. Харин залуу холбоогоо тасалбал нөгөөх би эхэлдэггүй гэх бардам зангийн хүлээснээсээ гарч чадалгүй эргээд залуугийн сэтгэлийг урвуулахад нөлөөлөхүйц юу ч хийж чадахгүй дэмий хүлээн суудаг. Тиймээс бүсгүй хүнийг сэтгэл татам болгох дараагийн зүйлийг харилцаанд харилцан адил тоглогч байх гэж томъёолж байна.

Ухаалаг, царайлаг, сэтгэл сайтай, бага зэрэг хайнга, хөнгөн хуумгай, эрчүүдийг баясгагч, сэтгэл эзэмдэгч, уурлаж үглэж үнэнийг ойлгуулагч, хорон үгээр сэтгэлийг сүлбэгч, хэзээ ч хүсэл төрөмгүй тэр нэгэн, мөн хармааргүй санагдах хар дургүй хүргэгч гэх мэт олон төрлийн эмэгтэй хүн энэ дэлхийд хэрэгтэй. Гэхдээ энэ бүх шинж чанар ганцхан бүсгүйн дотор оршиж буй.

Бид чинь гэгээн сайхныг түгээгч үргэлжийн мөнхийн авралт эх биш шүүдээ.

Тиймээс бүсгүй хүн өөрийгөө олох нь хамгийн чухал. Харилцаа үргэлж үлгэр шиг төгсөж сайн нь сайнтай муу нь муутай учирч тамруу тонилно гэсэн онол огтхон ч байхгүй. Ямар ч хүнийг сэтгэлийг ямар ч бүсгүй эзэмдэж болно.

Эцэст нь эмэгтэй хүний хамгийн энгийн байх мөн инээж байхыг харах хамгийн сайхан гэж нэгэн найзынхаа хэлсэнээр энэ хэсгийг түр орхиё.

Сэтгэл татам эрэгтэй

Бүх бүсгүйчүүд сайхан царай, өндөр бие сайхан хоолойнд татагддаг гэхэд болох ч дийлэнхи нь тэднээс айдаг.

Царайлаг цэцэрлэгийн хөвгүүнээ олон охидоос харамлах ээжийн ажил хийхвий гэдгээс бүгд эмээдэг.

Хөөрхөн бүсгүйн адилаар хөөрхөн залуу ч мөн сонирхолгүй бөгөөд уйтгартай. Би ч хувьдаа хөөрхөн залууд дургүй. Сайхан төрсөн үзэмж гоо эр атал үзэл бодол тааруухан өөртөө дурлагч бол бүр дэмий. Уйтгартай сонирхдог зүйл тэрэнд нэг их байхгүй ар өврөөс цуврах охид бүсгүйн дуунд живэх тэрээр энгэр задгай эхэлсэн бол дуусгадаггүй. Алив зүйлийн учрыг олохдоо тааруухан тэрээр сэтгэл зүрхээ зориулахыг үл мэднэ. Өчигдрийн бүсгүйг өнөөдөр өөр нэгнээр солиж болох тул түрхэн хугацаанд залуу насныхаа хэдхэн жил өөрийн эгодоо живж амьдрах хэдий ч амьдралын үнэнтэй нэг л өдөр тэд нүүр тулдаг.

Амьдрал эрэгтэй хүнд нэг зүйлийг илүү өгсөн нь бага зэрэг зоригтой байдал байх.

Тиймдээ ч дайн тулаанд тэд морддог байсан биз.

Эрэгтэйчүүдийн шийдэмгий байдал тэднийг секси харагдуулдаг. Харин түрэмгий байдал биш шүү.

Эрэгтэй хүнийг эрэгтэйлэг байдал нь улам сэтгэл татам болгодог. Учиргүй том биетэй ухаан алдмаар царайлагтаа биш ч түүний хажууд байхдаа аюулгүй болоод хамгаалагдсан тайван мэдрэмж авахыг хэлж буй хэрэг. Үүнийг эр хүний нөмөр нөөлөг гэж тоймлох буй за.

Ганцаар алхах үед энд тэндээс урсан ирэх элдэв долой үг, шүгэл исгэрэх чимээ хүртэл бишгүй л сонсоно. Харин хэн нэгэнтэй явж байхад өөр хэн нэгэн зориг гаргаад халдаад байхгүй учраас л тэд бидэнд хэрэгтэй байгаа юм. Дараагаар нь үзэл бодолдоо үнэнч түүнийхээ төлөө зоригтой дуугардаг байдал эрэгтэй хүнийг мөн сэтгэл татам болгодог.

“Үнэн байх” буюу мэдрэмжээ хуваалцдаг чанар бол эрэгтэй хүнээс авч болох сайхан мэдрэмжүүдийн нэг билээ.

Эрэгтэйчүүддээ хандаж хэлэхэд эмэгтэй хүний сэтгэлийг татах нэг арга бол түүнийг онцгой гэдгийг нь мэдрүүлэх буюу ганцхан чихэр алган дээр нь тавихад л баярлана гэдэгтэй холбогдуулан цухасхан өөрийгөө онцгой гэж итгэсээр ирсэн нэг жишээг хуваалцъя. Нэгэн удаа ex маань намайг нүдээ аниад алгаа тос л гэсэн юм. За гээд алгаа тоссон миний гар дээр тэр аяга угаадаг резинен бээлий тавьсан. Энэ бяцхан бэлгээрээ тэр хэрхэн намайг анхаардагаа л харуулсаныг би огтоос мартдаггүй ба аяга тавгаа сайн угаахсан гэхээс баярлаж байсан гээч…


Би эрэгтэй хүний тухайд нэг үнэнд итгэсэн.

Тэр хүнээс авдаг мэдрэмжийг өөр хэн ч хэзээ ч орлохгүй байж болно. Учрал бүхэн өөрийн өнгө аястай давтагдашгүй байдаг нь хүн бүр өөр байдгаас л хамаарч буй хэрэг.

Эрэгтэйчүүдийг ч мөн адил нэгэн зүйлийг бүтээгчид гэж тодорхойлоё.

Сэтгэл татам хүн болж хайр дурлалд зөв чигтэй, амжилттай явахуй

Хоёр хүний хамтын шийдвэрийн үр дүнд олон зүйл тохиож болохын нэг нь гэр бүл юм. Гэр бүл болно гэдэг нь хоёр хүн хамтдаа амьдарч эхлэн байр, машин, унаа тэрэг хөөцөлдөн эд хөрөнгө цуглуулахын нэр бус хамтдаа хөгжих явдал. Төгс гэмгүй амьтан нэгээхэн ч үгүй учраас бие биеэ дэмжих хамтдаа өсөж хөгжих хамтын цэцэрлэгт хүрээлэнг л хайр гэж нэрийдэх нь зүйтэй санагддаг. Романтик хайр сэтгэлийн харилцаанд хамгийн чухал зүйл бол хувь хүний орон зайгаа алдахгүй байх явдал.

Таарч тохирохгүй гэж тэр нь ч болохгүй энэ нь ч болохгүй гэж бодолдоо нийцүүлэх гэж шүүж амьдарахад цаг хугацаа хайран.

Чиний сэтгэлийг дүүргэх, амьдралыг чинь бүтэн болгох хэн нэгэн байхгүй л боловуу. Харин түүнийг өөрөө л хийх юм шүүдээ. Тийм учраас өөрсдийн амьдралын өмнө хариуцлагатай байж хайр сэтгэлээс дээгүүр үнэлэн авч үзэх зүйлсээ олж илрүүлсэнээр бид илүү бүтэн болж аз жаргалтай болдог.

Хараахан өөрийн амьдралын төлөө бие даасан шийдвэр гаргаж чадахгүй бол битгий хайр сэтгэл мөрөөд.

Бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй 2 хүн нийлчихээд бие биенээсээ хамааралтай шийдвэр гаргаж түүнэээсээ болж үргэлж бие биеэ буруутган муудалцах хөөрхийлөлтэй инээдмийн жүжиг шиг харилцаатай гэр бүлүүд зөндөө.

“Би чамд хэлсэн биздээ” гэдэг өгүүлбэрээр бие биеэ чичлэн, нэг их уснаас хуурай гарч байгаа хүн шиг хажуудахаа буруутгах нь хэнийг нь цэвэр цэмцгэр хүн болгодоггүй.

Бие биегүй бол оймсоо олоод өмсчих хэмжээний шийдвэрийг ч гаргаж чадахгүй айж хулганаж хоёр биенээсээ хамааралтай байгаагаа мөнхийн хайр, нэгэн цул хүн болсон гэж хий худлаа дэвэргэдэг байдал таалагддгүй.

Хоёр биенгүй бол байж чадахгүй хэрнээ бие биеэ үздэггүй, үнэнээ бие биедээ хэлдэггүй хорлонтой харилцаатай бол эртхэн зүгээр больж үз…

Үүнийг мэдсээр байж тэвчиж амьдрах амьдралын цаг хугацаа чинь хайран биш үү.

Гэхдээ яагаад тэвчдэг вэ гэвэл өөрөө шийдвэр гаргаж чадахгүй мөн өөрийгөө аваад явж чадахгүй болоод л тэр. Яагаад гэхээр өөрийгөө мэдэхгүй учраас.

Тэр харав уу хүнд найдаж амьдралыг чинь бүрэн бүтэн болголоо гэж итгэж явтал тэр хүн чинь яваад өгвөл та ор хоосон үлдэж болох байгаа биз. Тэгээд дахиад л таныг жаргалтай болгох хэн нэгнийг хайх уу. Тэрний оронд өөртөө шударга хандаж өөрийгөө олох аялалд цаг алдалгүй гарвал сэтгэл татам хүн болж чадна.

Та өөртөө бий болгож чадахгүй зүйлийг өөр энэ дэлхийн хэн ч таньд бүтээж өгч чадахгүй.

Таны сэтгэлийг дүүргэх нэгэн биений нөгөө тал гэх оновчит хувилбар байдаг гэдэгт эргэлзэж байна.

Харин дөхүүлэх л хүн байдаг байх. Тийм учраас дотор сэтгэлийн амар амгалангаа та өөртөө олууштай.

Хайрын сонгодог жишээ болох Ромео Жулетийн түүхийн ард “хэн нэгэн амьдралд чинь үгүй бол чи орших хэрэггүй” гэсэн санаа нуугдаж зуу зуун кино зохиол зөвхөн тэр нэг тохиромжит этгээд болох “хувь заяаны хань” гэгчийг хүлээсэн эсвэл олж буй харилцааг харуулдаг.

Хувь заяа гэдэг нь яг үнэндээ өнгөрсөнд оршдог шүүдээ. Өөрчилж болохгүй болохоор л түүнийг хувь заяа гэж харвал зохилтой.

Би нэгэн удаа “Хорвоо дээр ээж чинь л чамайг хайрлана харин бусад нь бол хайрлах нь бага” хэмээсэн үгс сонссон юм.

Энэ нь хатуу сонсогдох хэдий ч намайг хайрлах хийгээд ойлгож өгөх хүн надаас өөр байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм байналээ.

Үүнийг мэдэж ойлгосон хүн л сэтгэл татам хүн болох болнолдоо. Тэглээ гээд хувиа хичээсэн амьтан бай, хэн ч угаасаа чамайг хайрлахгүй гэсэн үг биш харин өөрийнхөө амьдралд бид өөрсдөө хариуцлагатай болохоор бусдаас хайр нэхэж хүн амьтан дэмий бүү хүлээ. Өөрийгөө ол.

ㅡ20-иод насны өнцгөөс өөртөө болон бусад залууст хандав.

Сөүл хот.