Eкстэйгээ уулзсан 5 хором

Тэр энэ удаад цэцэгтэй иржээ.

Түүнтэй өнгөрүүлсэн хугацаанд цэцэг авсан эсэхээ санахгүй юм.

Харин энэ удаад тэр гал улаан сарнай гартаа атгажээ. Анх удаа шахуу цэцэг тэгтлээ авахыг хүсээгүй минь тэр. Хөөрхий тэр цэцгийг би ердөө цэцэг болохоор нь л өдөржин тэвэрч явсан.

Тэр яг хэвээрээ энх тунх миний өмнө сүндэрлэнэ. Надруу хараад нүүр дүүрэн инээх нь шалтгаангүй ч юм шиг.

Намайг харсандаа баярласных ч биш зүгээр бантсандаа сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээх хэн нэгэн гадаад хүн шиг.

Цайлган биш чин сэтгэлээсээ биш ч гэсэн тэр харц тулгарах бүрт инээх юм. Харин би ер инээхээ аядаагүй.

Би яг л хана хэрэм шиг хэгжүүн хэдэн үг урсгаж улс орны эдийн засагруу хүртэл хальтрах шахсан болохоор бидний яриа гавиагүйээ.

Тэр хэвээрээ юм шиг санагдсан ч их туранхай харагдсан. Хоол ундаа иддэггүй юм байхдаа гэж бодогдсон ч хэлээгүйээ. Харин сайн эсэхийг нь лавласан.

Гэрийхэн нь сайн гэнэлээ.

Манайхан ч гэсэн сайн.

Тэр геологич. Ажлынхаа тухай ярихад нүд нь гэрэлтэж чин сэтгэлийн инээмсэглэл тэнд харин тодорч байналээ.

Бидний яриа уртдаа 10 минут л үргэлжилсэн байх.

Гэхдээ өнгөрсөний тухай яриад байсан түүнийг би сайн ойлгоогүй. Магад миний толгойд тийм их бодол байгаагүйг илтгэх биз.

Өнгөрсөнд үлдсэн дурсамжуудыг сөхөхөд надад ямар ч сэд мэдрэмж байсангүй.

Тэрүүхэн хоромд эл уулзалт маань утга учиргүй санагдаж ч байлаа.


Энэ уулзалт эхлэхээс өмнө дээхэн үед тэр миний би түүний гарыг атгаад алхдаг байсан.

Тэр төгс байгаагүй. Би ч мөн адил.

Харин харах бүртээ хажууд нь байх дуртай байж.

Бид жирийн Монгол өсвөр насны хүүхдүүд үерхэхдээ юу хийдгийг л хийдэг байсан байх.

Би тэр үед кофе уудаггүй байсан. Тиймдээ ч тэр үү бид кафе ч ордоггүй байлаа. Номын сан ч орохгүй харин зүгээр л энэ тэрүүгээр сэлгүүцэн ихэнхидээ хоол идэж сургуулиас сургууль хэсдэг байлаа.

Нэг л өдөр би түүнийг орхихоор шийдсэн.

Би түүнийг хуураагүй тэр ч намайг мэхлээгүй.

Зүгээр хамтдаа урагшлахгүйгээр арагшлаад байсан болохоор би өөрийнхөө орон зайг хадгалж үлдэхийг хүссэндээ түүнийг орхисон.

Одоо бодохнээ надад өөрөөрөө байх цаг хэрэгтэй байж.

Мөн би дөнгөж өөрийгөө олох аяны ганзагаа зэхэж л байсан юм.

Орхисон хойноо би түүнийг өдөр бүр санаж эргээд түүнтэй уулзахаас айдаг байсан.

Халуун уруулыг ахиад ганцхан удаа л мэдрэх юм бол хажуунаас нь холдож чадахгүй байх вий гэдгээс айсан хэрэг.

Түүнийг энэ дэлхийн хамгийн сайн хүнтэй учраад миний дэргэдүүр жаргалтай гэгч нь инээгээд гараасай л гэж хүсэж явдаг юм.

Тэр жаргалтай байгаасай.

Эргээд сэтгэлрүүгээ өнгийвөл одоо юу ч алга.

Бидний харилцаа адармаатай байсан ч их гэгээн байж.

Сэтгэл дотор өрнөсөн хэцүүхэн мэдрэмжүүд маань энэ хэдэн жилд ор мөргүй сарнисан шиг сайхан бодлууд минь бас салхинд хийсчихэж.

Эс бөгөөс энд ингээд хөнгөхөн шиг ямар ч мэдрэмжгүйгээр хэдэн өгүүлбэр урсгаж чадахгүй байсан биз.

Сайн хүн байсан. Бид бие биедээ хайртай байсан гэх бодол л бүүр түүр тодрох шиг.

Тэр надад хайртай гээд уйлахыг харсан ч “хайр” гэж юу байдгийг мэддэггүй байсан гэдэгт чинь мөрийцөхөд ч бэлэн байна.

Би ч хайр гэж зүйлийн тухай гадарлахгүй л явсан. Хайр бол өсвөр насны пацаануудын тоглох зүйл биш.

Яг түүнд дурласан шигээ дахиад хүнд дурлах боловуу гэж боддог байлаа.

Би бээр хувьдаа “Бүсгүй хүний зүрх сэтгэл бол хүсэл мөрөөдөл гал халуун сэтгэл хөдлөл, оргилуун тэчьяадалаар долгиолж байдаг хөл хүрэхгүй далай гэж сэтгэнэм.

Бид хайрлаж дурладаг хамаг зүрх сэтгэлээрээ. Харин түүнээс үлдсэн шархыг дахин дурлаж эдгээдэг мэт. Бид хязгааргүй их дурладаг. Анх харангуутаа амьдралаа зохиочихмон байна гэж мөрөөдөн төсөөлж байх нь ч бий.

Харин би ахин дурлалгүй яахавдээ. Тэр мэдээж.

Түүнийг би өөр болсон боловуу гэж найдаагүй. Гэхдээ өдөр хоногийг яажшуухан элээж явдагийг нь сонирхсон төдий. Мөн харилцаа дууслаа гээд заавал хэн хэндээ өс санаж дайсагналцах албагүй биздээ. Бидэнд тийм шалтгаан ч байгаагүй.

Бид дууссан тэгээд л тэр. Тэгэхдээ бүр 8 жилийн өмнө.

Тэр цаг хугацаанд амьдарч байсан хүн лав одоо би биш. Өнгөрсөнөөс өөрийгөө олоон жилийн өмнө чөлөөлчихөж.

Одоо би мөрөөдлөөр жигүүрлэн зорилгоороо хөглөгдөн амьдарч хайр дурлалаас илүү дээгүүр тооцох олон үнэт зүйлсийг олж яваа.

Хүний бие 7 жилд бүрэн шинэчлэгддэг гэдэгчилэн би ч бүр мөсөн өөрчлөгджээ.

Үүнээс хойш би хэн нэгнийг хайрлаж үзээгүй хүнтэй учрахгүй байх.

Хэн нэгнийг хайрлаж зүрх нь хөндүүрлэж хоног өдрийг гэгээн гуниг доголон нулимстай үдээгүйн хүн хичнээн гунигтай.

Зүрхэндэх шарх таагүй дурсамжуудтайгаа би илүү амьд. Энэ нь миний амьд явааг илүү батлах биз.

Миний нэг гадаад найзийн facebook-г үзвэл өмнө нь үерхэж байсан залуучуудын зураг нь бараг л Micheal, Carlos гээд фолдероороо ангилчихсан ил байж байдаг юм. Харин би ихэд санаа зовсон байртай яагаад гэдгийг нь асуутал:

Тэр хэлэхдээ тэр зургуудийг устгасан ч сэтгэлэээсээ тэднийг арилгаж чадахгүй тэд бүгд өөр өөр дурсамж гэж хэлсэн юм.

Ердөө бид туулж өнгөрүүлсэн зүйлсээ өөрөөсөө л нуудаг байхдаа…

Би түүнийг орхисондоо яагаад ч юм зөв байжээ гэж бодсон. Тэгээд л тэр.

Үүнийг чи уншвал би чамд сайныг хүсэж л явдаг юм шүү.

Өөр зүйлгүйдээ.