My 2018 in a Review

Ингээд нэгэн нас, нас нэгэн цаг хугацааг ардаа орхиж байна.

Юуны өмнө өртөө блогоо үргэлжлүүлэн бичиж байгаадаа талархан энэ бичвэрээ эхлэе.

Юуны төлөө яах гээд бичиж буйгаа ойлгохоо больсны дээрээс блог бичихээ бүрэн болихоор шийдвэрээ гаргаад төлбөрөө төлөхгүйгээр шийдчихсэн байсан ч өнгөрсөн хугацаанд бичсэн зүйлсээ уншаад эргэн бичихээр шийдсэн билээ. Жилийн ревью болоод шинэ жилийн зорилт бичээд 4 жил болж байна. Бүгдийг бичиж эхлүүлсэнээр л дорвитой өөрчлөлтийг гаргаж эхлэсэн учраас үлдсэн амьдралынхаа туршид бичнэ ээ. Өдөр бүр бичвэл бүр сайн хэрэг.

(Кино зохиол бичмээр санагдаж байгаа.)

2018 онд өргөн барьсу.

Энэ он Олимптой зэрэгцэн эхэлсэн юм.

Монгол тамирчин Олимпын наадмын цалин мөнгөн дэвжээн дээр мөрөө гаргаж байгааг харах бахархалтай санагдаж байхын хажуугаар тамирчдын хүчирхэг бие хаа, хийж байгаа зүйлдээ төгс байдал нь намайг үнэхээрийн гайхуулаад амжсан.

Спорт бол нэгэн хүмүүний нэг насны амьдрал нэгэн цаг хугацааны зориулалт хичээл зүтгэл билээ. Түүний адилаар шинэ чадвар болон зуршилыг хэвшүүлэх гэж энэ жилийн турш оролдож ирсэний хамгийн амжилттай нь дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй хэмжээнд түүний үнэ цэнэ учир холбогдлыг ойлгосон учраас дасгал хөдөлгөөн хийдэг зуршилыг өөртөө бүрэн дүүрэн хэвшүүлсэн.

Ганцхан энэ зуршилыг бий болгосноор миний амьдрал тэр чигээрээ өөр өнгө аястай болчихсон учраас энэ шийдвэр маань бүтэн жилийг маань тал талаас нь урласан маш сайн шийдвэрүүдийн нэг болжээ.

Мөн үүнээс үүдэн цаашдаа суралцаж өөрийгөө мэдлэгжүүлж мэргэжилтэн болохыг хүссэн талбараа олсон нь хоол тэжээл,хүнс судлал, хүний эрүүл мэндийн салбартай холбогдоно. Сонирхолтой хийгээд тэнд л миний passion байгааг харсан.

Харин үүнийг өөрийн бүтээлч байдал хийгээд антрепренер сэтгэхүй болоод бизнесийн хэлээр хэрхэн орчуулах нийтлэг бус ямар аргаар судлан хөгжүүлэхийг цаашид олох хэрэгтэй.

2 он дамжсан хичээл зүтгэлийн үр дүнд анх удаагаа БНСУ-д зохион байгуулагдсан KOREA ATHLETIC FITNESS FESTIVAL (KAFF) тэмцээнд “Бикини Мисс” ангилалд оролцсон маань өөрөөс гарч болох сайн хувилбараа бүтээх нэгэн оролдлого байсан бөгөөд үүний тулд нилээдгүй том эрсдлийг хүлээсэн ч бүтэн жилийн өнгө аясыг маань тодорхойлсон маш сайн шийдвэр гаргалт байлаа. Тэр өдөр бол өөрийгөө ялсан баярт өдөр минь байсан ажгуу. Тайзны ард крем түрхсэн биеэ анх удаагаа толинд харахад ”Энэ би юмуу” гэх бодол орж ирэхийн зэрэгцээ хамгийн сайхан төрхөө тэнд харсан юм.

Хамгийн гол өөрчлөлт бол юу боломжтой вэ гэдгийг бодитоор мэдэж авсан явдал.

Харин энэ жил би их энгийн болооюудаа гэдгээ анзаарлаа.

Өндөр өсгий дээр гунхсан хүүхэн байсан юмсан. Өндөр өсгий дутууг минь нөхөж дундуурийг минь дүүргэх шиг бусдаас толгой дээгүүр харц өндөр алхах итгэлийг өгдөг муухан эр хүнээс дээр эдсэн.

Гэсэн ч би буцаад энгийн байх дуртай болсон гадна төрхөөс илүүтэйгээр юмсын цаад мөн чанар утга учрыг л олохыг эрмэлзэх болжээ.

Энэ ч утгаараа би нилээдгүй их аялаж bucket list-д маань байдаг баахан улсаараа тэнэсэн.

Bali, Indonesia

Аялалаас үүдэн нүдэнд юуг бүү мэд хийж бүтээхийн гал асч хандлага маань ихээхэн өөрчлөгдөж ялгааг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч сурсан байна.

Яагаад ч юм далайн давалгаа салхины сэвшээ намайг дуудах шиг санагддаг хэдий ч хамаг амьдралаа үүргэвчиндээ багтаан ганцаар аялалд гарахаас зүрхшээж байлаа.

(2сард)

Гэсэн ч би дахиад явсан юм.

Үгээр илэрхийлж болохгүй дотор сэтгэлийн гуниг чимээгүй орилоон дотор сэтгэлээс минь хашхираад байсан учраас би түүнийг л хайсан.

Яг үнэндээ би байгалийн үзэсгэлэн, барилга байшингийн үзэсгэлэн ч аялалаас хайдаггүйлдээ. Дотоод ертөнцөө л гадаад дэлхийтэй ярих түүнийг ойлгох боломжийг олгож амьдралдаа юу хийвэл дээр вэ гэдгийг өөрөөсөө асууж хайж явдаг. 10 улсаар хөндлөн гулд явсаны дараа байгаа байдал минь аливааг эхлүүлэхэд дэндүү хангалттай тул жаахан л зүлгээд өгвөл боломж байнадаа гэдгийг харж ойлгож л явлаа. Айдсыг шийдвэрлэж чадахгүй л байгаад байгаа хэдий ч нэгэн удаа “Fearless” гэдэг магтаалын үгийг сонсохдоо зүгээр л зөн зовиндоо итгэснээ анзаарсан.

Мөн энд нэгэн үйл явдлыг онцлоё. Энэ нь Шангхай хоттой холбоотой ба тэнд очоод дөрвөн жилийн өмнө анх Шангхайд хөл тавьж байсан өөртэйгээ нүүр учирсан. Ямар их өөрчлөлтийг дотоод сэтгэлээсээ харсан гэж санана. Өөртөө илүү итгэлтэй болж сэтгэл зүй минь хамаагүй хүчирхэг болсоныг ойлгосон.

Мөн би эх орондоо их хайртай юм байналээ.

Эх орон маань өөрийн үзэсгэлэн гоогоо хээрийн салхи, усны урсгал салхины сэвшээндээ хадгалдаг.

Дотор уужирмаар үзэсгэлэн гоо Монголд байдаг юм шүү.

Эцэст юу вэ гэвэл би дахиад аялалд гарнаа.

Аялалаас буцаж ирээд 3 жил амьдарсан гэрээсээ нүүсэн.

Миний гэх тодотголтой намайг агуулдаг тэр даруухан харшид би хайртай байсан. Тэнд л бүтээл туурвиж өдөр хоногийг элээж тайван амгалан нойрсдог байсан ч шинэ орчин маань нилээдгүй бүтээлч болгохын зэрэгцээ фитнесс ч их ойрхон.

Нохой авч тэжээх юмсан гэсэн бодол тээх болсон ба цаг хугацаа орон зайгаа хуваалцахсан гэж энэ жилээс л бодож боллоо. Нэг амьтан ч хайр энэрэл мэдэрч халуун хоол дулаан гэрт байвал сайнсандаа.

Мөн нүүснийхээ дараагаар гарааны бизнесийн орчинд хөл тавьсан. Миний зүрх сэтгэл үргэлж л тэнд байсан болохоор шинэ ажилдаа дуртай байгаа.

Энэ жилд 4 том олон улсын бүжгийн фестивальд очсон гайхалтай хүмүүстэй уулзаж бүжгийн филисофи болоод өгүүлэмжийг ихээр ойлгож авлаа. Анх л биширч хүндлэн барааг нь харахыг мөрөөдөж ч чаддагүй байсан бүжигчидтэйгээ уулзан гар барьж тэднээс суралцах боломжийг өөртөө гаргасандаа талархалтай байгаа.

2018 оны сэтгэл хоногшсон хором мөчүүд

Baler, Philippines 🇵🇭

(Филиппин улс-Балер тосгон. 2018 он 2 сар)

Балерт очоод байрлах газраа үүргэвчээ орхичихоод ходоодруугаа хоол олж шидэхээр гурван дугуйтдаа тухлан явтал замд таарсан бяцхан гүүрэн дээр нэгэн залуу улаан ногоон өнгийн туг барин зогсох аж. Ногоон туг нь яваарай гэж байгаа бол улаан туг нь зогсохыг сануулна. Гурван дугуйтын түгжрэл үүсэхээс сэргийлсэн тунчиг ухаалаг гэрлэн дохион зохицуулагчийн ажил тэр ажээ.

Энэ дүр зураг Балер тосгоныг тэр чигт нь надад сануулдаг. Яагаад ч юм сэтгэлд хоногшсон маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Яг л ийм мартахын аргагүй эгэл даруухан хором мөчүүдэд би маш их дуртай. Дахин дахин ургуулан боддог.

Мөн Бали арлын идэвхит галт ууланд шөнөөр авирч өглөө нар мандахыг харсан явдал.

Бас Тайландын захаас 2 ширхэг коконат бөгж авсан явдал…

Жонд Лежендийн тоглолтыг үзэж оройжин хайрын дуунд уярсан нь бас нэгэн сайхан мөч болон үлджээ.

Сурсан хамгийн том хичээл

  • Энэ жилд үнэхээрийн сайтар ойлгосон ганцхан зүйл бол эрүүл мэнд бүхний тэргүүнд. Өөрийн биеэ сонсож ойлгож чанартай хоол хүнс хэрэглэж биеэ гамтай эдлэх. Хоол хүнсний чанарыг хувцасны чанараас дээгүүрт тавих ёстойг сурч ойлгосон ба 8 цаг унтаж амравал миний ажил бүтдэг юм байналээ.
  • Мөн ярьхаасаа өмнө өөрт болоод бусдад учрах хор хөнөөлийг бодож байхыг сурсан.
  • Бас хүн ямар аймшигтай хор хөнөөлтэй болж болдогийг нүдэн дээрээ харсан болохоор амаа мэдэж аль болох бусдын явдалд анхаарал өгөхгүй байхыг өөртөө сануулсан ч өөртөө үнэнч болоод өөрийн бодлоо хамгаалсандаа өөртөө баяртай байсан.
  • Хүмүүсийг шүүмжлэх нь намайг огтхон ч ухаантай болгоогүй.

Гаргасан хамгийн ухаалаг шийдвэр

Өөрийгөө хүсээгүй нөхцөл байдлаасаа гаргаж сөрөг хүмүүс болоод хэцүү харилцааг тасласан. Зөн совин минь үргэлж буруу гэдгийг хэлдэг байсан ч би тоохгүй явсаар хэлж илэрхийлж болдоггүй сэтгэлийн зовлон дотроос минь маш удаан идсэн байж.

Бусдын төлөө хийсэн хамгийн чухал зүйл

Надаас болоод хүмүүс шинэ блог эхлүүлж фитнесст явж эхэлж зарим хүмүүс үүргэвчтэй аялалд гарчээ.

Гэхдээ тэд нар яг тууштай үргэлжлүүлсэн эсэхийг мэдэхгүй.

Харин яг бодитоороо надаас болоод зарим хүмүүс сэтгэл зүйн эрх чөлөөнд хүрч тайван, илүү баяртай байхыг харах сайхан мэдрэмж.

Уучлал

Хэтэрхий хатуу хандаж алдаа хийхийг зөвшөөрөхгүй, олон боломжоос зугтаад хулчгар байхыг сонгосонд уучлаарай. Бас хүсээгүй нөхцөлд байдалд оруулж сэтгэл зүрхээ өвтгөн уйлуулсанд уучлаарай.

Хангалттай сайн ярилцаагүй зарим нэг найз нөхөдтэйгээ холбоогүй байгаад уучлаарай.

Гүйцэлдүүлэх боломжгүй байсан зүйл

Бүжгийн багш болох боломж, тэмцээнд дахин оролцох боломж болоод тогтмол ажилтай болох боломжоо алдсан. Өнгөрсөнд тээсэн хэрэггүй итгэл найдваруудаа алдсан. Мөн positive Mongolians төслийн нэг дугаарын зочноор орох боломжоо аялалаар явж байгаад бас өөртөө итгэлгүйгээс болоод алдсан.

Бүтэн 3 сар хөгжүүлсэн зуршилаа алдсан.

Гэхдээ харамсах зүйл бараг байхгүйээ.

Энэ жил чадах бүхнээ хийсэн ч бууж өгж алгуурлаж арагшлуулсанаар байрандаа ч биш бүр дордсон шүү.

Ихэвчлэн хувь хүний хөгжлийн ном намтар уншсаар байгаад уран зохиолын ном уншихгүй байгаа нь тоогүй хэрэг.

Талархал

  • Гэр бүлдээ маш их талархаж байна.
  • Шинэ боломж бололцоог олгосон багш нартаа баярлалаа.
  • Мөн өөрийнхөө сониуч хичээнгүй уйгагүй байдалд талархлаа.

Эцэст нь 2018 оныг нэг өгүүлбэрт хураавал

Олон шинэ мөрөөдөлтэй болсон.

2019 ондоо өөртөө хандаж хэлэх зүйл:

  • Бүгдийг төлөвлөөд хэрэгжүүл.
  • Жилийн турш хийх ажлын хамгийн хүнд хэцүү эрсдлийг жилийн эхэнд л авчих.
  • Ерөөсөө өөрөөсөө төгс байхыг битгий шаард.
  • Тууштай байхыг л шаард.
  • Яаж гэдгийг нь чи мэдэж байгаа.

Оюуны бүтээл урлаж амьдарсу.

Үнэн бөгөөд итгэлтэй.

Энгийн бөгөөд агуу.

Төгөлдөр баян хийгээд эгэлгүй тансаг оршсу.

2018 он чамдаа бичсү.

Түүх болон үлдэг.

Т.Тэргүүнжаргал