Body By Me Challenge Introduction

Миний бие хилийн чанадад амьдран суухын дээр тогтворгүй сэтгэл санаа, буруу хооллолт нойргүйдлээс үүдэн ихээхэн жин нэмж байсан нь саяхан өнгөрсөн хоёр жилд. Илүүдэл жингээсээ салах зорилгоор фитнесст явж эхлэн улмаар түүнд нилээдгүй дур сонирхолтой байсан учраас тус орны бодибилдингийн тэмцээнд оролцсон юм.

Ганц өгүүлбэрт хураагаад хэлэх дэндүү амархан ч жил дамнасан урт процесс болсон юм.

Жингийн асуудлаа шийдвэрлэх үест хоол хүнс судлал, эрүүл амьдралын хэв маягийн тухайд ихээхэн сонирхолтой болсон нь цаашдаа энэ салбарт хүч үзэх суурийг бүрэлдүүлж байгаа гэхэд болно. Сурмаар санагдаж чанадыг нь ойлгомоор шунан дурламаар тэгсэн атлаа хүмүүст тусламаар нэг тийм олон уулзварын эх нь яг энэ цэгт огтлолцоод байгаа юм.

Тэмцээний тасралтгүй 6 сарын заалны бэлтгэл, хоолны дэглэм нь амархан мэт сонсогдох хэдий ч бууж өгөхгүй байхын тулд сэтгэлийн тэнхээ ихээхэн шаарддаг юм байналээ. Хүмүүс яагаад турахгүй байгаа нь сэтгэл зүйн дархлаанаас ихээхэн хамаардаг.

Тэмцээний дараах сэтгэл зүйн хямрал болоод хатуу дэглэмээс энгийн амьдралруу эргэн орох зэрэгтэй холбогдуулан олон асуудал болоод мэдэхгүй чадахгүйтэй нүүр учирч байсан нь 2018.6.5-д. “Body By Me challenge” буюу

“Өөрийгөө бүтээхүй урлахуй” гэх чалленжийг өөртөө зарлан эхлүүлэхэд хүргэсэн билээ.

Үүнтэй холбоотой пост яагаад эхлүүлсэнийг эндээс уншина уу.

Мөн эргэлт буцалтгүйгээр хоол хүнс судлал хийгээд бие физиологийн харилцан хамаарал болоод хоорондын зохицлыг илүү эрдэм шинжилгээний хүрээнд судлах хүсэлтэй болсон. Энэ нь ердөө мэдэхгүйн зовлонгоос үүдэлтэй.

Ихээхэн сонирхолтой бөгөөд passion олсон юм шиг санагддаг юм.

Хүмүүсээс суралцмаар асуумаар үеүд их байдаг бодифитнесс болоод хоол судлалын нарийн тодорхой мэдлэгтэй тамирчин хийгээд системтэй мэдлэгтэй хүмүүс цөөн байдаг нь бага сага ажиглагдсан ч энэ зөвхөн нэг улсын тухайд л ярьж буй хэрэг.

Хүнээс суралцах нь хамгийн амар аргуудын нэг боловч өөрөө идэвхи зүтгэлтэйгээр судалж шинжлэх нь өөрт мэдлэг болон хоцорч үлддэг нь маргаангүйсэн.


“Bodybyme challenge” буюу өөрийгөө бүтээхүй урлахуй” гэх энэхүү сорилтийг эхлүүлсэн шалтгаан:

  • Сэтгэл зүй, дасгал хөдөлгөөн, хоол хүнсний уялдаа хамаарлын тухай өргөн мэдлэгтэй болох
  • Таргалалтаас үлдсэн амьдралынхаа турш хол байх
  • Ходоод гэдэсний хямрал, эмзэг байдлаа эмчлэх, учир шалтгааныг нь тодруулах
  • Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд жирэмслэлт төрөлтийн тухай мэдлэгжих
  • Төрсөний дараах таргалалтын тухай мэдэх
  • Бие сэтгэл зүйгээ яг нэг жилийн дараагаар (2019.6.5 өдөр) шинэ түвшинд аваачсан байх
  • Мэргэжлийн хоол зүйч болох
  • Эрүүл органик хүнсийг хэрэглэж занших
  • Өөрөөс шалтгаалах өвчлөлтгүй болох

Зэрэг шалтгаануудыг дурьдаж болно.


Хоол хүнс судлал болоод бодибилдинг фитнесийн салбаруудын хүрээнд маргэжилтэн болж байнга уншиж судладаг, судалгаа хийдэг бүтээл туурвил туурвидаг хүн болохсон гэх хүсэл маань “Body by me challange”-г эхлүүлэхэд хүргэсэн ба бие сэтгэл зүй, мэдлэгийн түвшинд гарсан өөрчлөлтийг үнэн бодитоор хүүрнэх тэр хэрээр өөрийгөө ахиулах түүний бусадтай хуваалцахад энэхүү challenge-н зорилго оршино.

Булчин ургуулах түүний өсөлт хөгжилтийг дэмжих нь өөртөө хийж буй хамгийн сайн хөрөнгө оруулалтуудын нэг гэдгийг ч дурьдаад бид нилээдгүй удаан булчин ургуулах аялалд гарнаа.

Мөн дээрхи шалтгаануудын тухай мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсэж сонирхсон хүмүүс эсвэл ер эрүүл байхыг хүссэн хүмүүс энэ чалленж болоод нийтлэлүүдтэй маань хамт байгаарай.

#Bodybymechallange

Үргэлжлэл бий…

Баярлалаа.

Т.Тэргүүнжаргал