108 Өдрийн турш өглөө бүр йога хийсэн туршлагаас

108 өдрийн йога чалленжийн үр дүнгээсээ доор хуваалцаж байна.

108 өдөр гэдэг бол ямарваа нэгэн шашны үүднээс бус яг 3 сар буюу зуршил тогтооход хангалттай хугацаа бөгөөд анх эхлэхэд дараа оны 3 сар хүртэл тун хол санагдсан тул 108 өдрөө гурав хуваагаад 36 өдрөөр 3 хэсэг болгон ангилаад 1 хэсэг дуусах бүрт өөрийгөө шагнахаар шийдэв. (Шагналын систем надад үйлчлээгүй.)

77/108 өдрийн байдлаар дасгалаа хийсэн өдрүүдээ будаж тэмдэглэв.

108 өдрийн турш йогийн дасгал хийсэн дадлага туршлага бичигдсэн байдлаар төдийлөн илэрцгүй байсан учраас өөрийн биеэр туршиж үзэхээр шийдсэн юм. Би ернь өрсөлдөөнтэй гэхдээ тэр нь тайван замаар явагддаг сорилуудаар өсөх процесс өөртөө ажигласан тул уян хатан байдал болоод бүтэн биеийн хөдөлгөөний эвлэг байдлаа сайжруулах хамгийн гол нь нурууны өвдөлтөөс ангижрах зорилготойгоор өглөө бүр нарны мөргөл буюу “sun salutation” хийх богино хэмжээний зорилтыг 2018 оны 11 сарын 15-нд эхлүүлэв. Энэ нь миний өглөөний дадал зуршлын нэг хэсэг болж байгаа юм.

Дуусах хугацаа 2019 оны 3-р сарын 2 өдөр.

Өглөөний зуршил нь бие махбодь, сэтгэл санаа болоод cүнслэг байдлын түвшинд эрүүл мэндийг тань сахин хамгаалахад тохиромжтой хэдэн цогц үйл байвал та зорилгоосоо хазайхгүйгээр тууштай байхад тустай ба өглөөний зуршилд дасгал хөдөлгөөнийг оруулахдаа бүтэн хэмжээний workout биш харин ерөнхий тойм зураглал маягийн дасгал хөдөлгөөнийг хийвэл тохиромжтой байдаг.

Үүнд: Планк, гар дээр сунайх, jumping jack, суулт, хайчин суулт гэдэсний таталт, гар дээрээ тогтох, дуртай дуун дээр бүжиглэх зэрэг байж болох ба би өглөө тун их нойрмоглодог тул йогийн дасгалийг тохиромжит сонголт гэж авч үзсэн юм.

Үүнийгээ дэвтэр дээрээ өдөр бүр хийсэн хийгээгүйгээ тэмдэглэх схем өөртөө зохиогоод түүнийгээ 3 сарын турш тэмдэглэсэн үр дүнг доорхи зургаас харж болно.

Дээрхи байдлаар 108 өдөр тэмдэглэв.

Эхлэл

Эхний өдрөөс йогийн асана буюу дасгалуудын хэмнэл нь надад удаан санагдсан нь миний өөрийн төрөлхи гал махбодийн шинж чанартай холбоотой болов уу гэж бодож байна. Аюурведагаар миний гал шинж давамгайлсан байсан ба энэ төрлийн хүмүүс өрсөлдөөнтэй спортод тохиромжтой байдаг.

Энэ нь ч үнэхээр үнэн бөгөөд олон хүнтэй том зааланд энд тэнд хүмүүс дасгал хийгээд орилж хашхичсан дээрээс нь чанга хөгжимтэй эмх замбараагүй ч эрчимтэй дасгалдаа төвлөрсөн орчин надад намуухан хөгжим анхилуун үнэр үнэртсэн тайван заалнаас хамаагүй тухтай санагддаг. Тиймээс л кроссфитийн заал тун аятайхан санагддаг.

Эрчимтэй дасгал хийж байж л сая нэг дасгал хийсэн юм шиг санагддаг учраас чимээгүй орчинд нэг байрлалаараа удаан тэнцвэрээ хадгалах нь эхний 14 хоногийн сэтгэгдлээр надад таалагдсангүй.

Сэтгэл санааны тогтворгүй байдал болоод яагаад юу хүсээд буйгаа ойлгохгүй байсан минь йогийн дасгалаа эхлүүлэхэд шууд л үргэлжлүүлмээргүй санагдаад гараад зугтмаар санагдах эсвэл заримдаа дотор муухай оргих байдлаар илрэв. Ийш тийш үсчсэн бодол болоод төвлөрөлт маш муутайгаар энэхүү аялалаа эхлүүлсэн ба өөрийгөө ямар өчүүхэн анхаарал төвлөрөлтийн түвшинтэй байгааг мэдэх жаахан таагүй л юм.

Биеэ ажиглаж сурав. Амьсгалтайгаа зэрэгцүүлэн дасгалаа хийж сурав.

Далны ясны хооронд өвдөлт болоод даралт мэдрэгдэж нуруунд маань маш их ачаалал очдогийн дээр нуруугаа сунгах нь таалагдаж эхлэсэн нь эхний сарын сүүлээр.

Нурууны уян хатан байдал насжилттай холбоотой гэж хаанаас юм сонссон учраас би нуруугаа л аль болох өдөр бүр сунгаж хөшиж хөдөлгөөнгүй болохоос нь сэргийлэхийг хичээдэг.

Мөн 108 өдрийн йогатайгаа зэрэгцүүлэн хөлний сунгалтаа эрс сайжруулан сплит буюу “Б” сууж сурахаар шийдэн 3 сарын төлөвлөгөө гарган хүссэн үр дүндээ хүрсэн нь хоорондоо нягт холбоотой бөгөөд үүнийгээ “би хэрхэн сунгалтаа сайжруулсан бэ?” гэдэг нийтлэлээрээ хүргэсэн.

Энэхүү зорилтуудаараа би яг тодорхой хугацаанд үнэхээр үр дүн гаргаж ахиц авчрах нь боломжтойюу гэдгийг л өөр дээрээ харахыг хүсдэг юм.


Юу намайг урагш хөдөлгөдөг вэ гэвэл дэвтэр дээрээ ганцхан зураас урагшлуулж нэг нүд будах л надад тухайн өдрийн төгсгөлд эрч хүч өгдөг ба ямар нэгэн прогресс гаргаад байгаа харахаар өнгөрсөн 7 хоногт хэдэн өдөр алгасаж залхуурсан ч том зургаараа энэ прогрессоо алдахгүйгээр завсарт нь ядаж 7 дээш хоногийн зай гаргахгүй байх юмсан гэж их боддог. Үр дүнгээ хянаж цааснаас эсвэл өөрт тохиромжит аргаараа апп тусламжтай ажиглалт хийгээд явах нь өөртөө мэдээллийн сан үүсгэж байгаа хэрэг. Дараа жилийн 3 сард би энэ жил юу хийж явсанаа мөн түүнийгээ хэдэн өдөр тууштай хийж явсанаа цээжээрээ санахгүй учраас үүнийг дэвтрээсээ харах боломжтой гэсэн үг. Би блог бичээд үр дүнгээ хуваалцаж байгаа учраас нэг их гэгээрсэн тууштай амьтан болох гээд эдгээр нүдийг бүгдийг нь дүүргээд дасгалаа хийгээгүй ч хийсэн байдлаар харагдаж болох ч би өөрийгөө хуурахыг хүссэнгүй. Мөн хэр их өөртөө худлаа ярьдаг яг үнэн бодитоороо өдөр бүр тууштай байж чадахнуу гэж өөрийнхөө потенциалийг сорьж танихыг хүслээ.

Хоёр дахь сарын байдлаар

Өглөө босоод дандаа ижил юм хийх нь бага зэрэг уйтгартай санагдсанаас үүдээд түвшингээ ахиулах хэрэгтэйг анзаарсан бөгөөд йогийн олон урсгал дундаас өөрт тохиромжтойгоо арай эрч хүчтэйг нь хиймээр байсан ч бие маань хараахан бэлэн бус байв.

Мөн биеийн тэнцвэр тааруухан хэвээр байсаар л.

Үүнийг л биеэ сонсож сурах гэж хэлэх ба яг хаа хүртэл сунаж байна тэндээ хэсэг байж өөрийгөө ажиглах ёстой аж.
Өглөө бүр 10–15 минут зарцуулдаг ба түүнээс урт хугацааг зарцуулах цаг хангалтгүй байдаг ч нуруугаа сунгахаар нөгөө нэг манан будан нойрмог байдал зоолттой арилах юм.
Удаан хэмнэлтэй гээд байгаа дасгал байрлалуудыг би өөрөө 5 секунд ч барьж чадахгүй байгаа нь цаанаа л нэг тэвдүүлмээр. Ядахад youtube-н багш нар шигээ сунахгүй юм.

Сэтгэл зүй

Би йога блок, гудас, резин зэрэг янз бүрийн юм бүгдийг аваад бэлдэж тавьж байгаад эхлэв.

Ном гудас блок авав.

Гудас маань гар хальтраад байгаа учраас сайн гудасгүй минь дасгалаа муу хийхэд нөлөөлж байгаа гэж бодоод нэг аймшигтай хүнд бас өрөөндөө л хэрэглэдэг гудас авав.
Уг нь аялалд авч явах хөнгөн гудас авахсан гэж бодсон ч захиалж авсан гудас маань бараг л 4кг шахуу. Хүнд йога гудас дахин хэзээ ч авахгүй!
Үнэндээ өөр зүйл бараг хэрэггүй юм байналээ. Өглөө босоод шууд л дасгалаа хийнэ гээд бараг гудсан дээрээ унтах нь холгүй орныхоо хажууд тавиад унтаж эхэллээ. Анх эхлэхэд дургүйлхмээр юм шиг их тухгүй санагдаж байсан учраас өөртөө өнөөдөр би энэ дасгалыг л хийчихвэл миний ажил үйлс бүгд бүтнэ гэж хэлдэг болов.
Дасгалаа хийсний дараа нээрээ л бүх ажил төрөл бүтэхнээ “өнөөдрийг би яллаа” гэх бяцхан мантра ашигладаг болсон. Ихэвчилэн бүтээмжгүй өдрүүдээ эргэн харвал дасгал хийгээгүй өдрүүд л байгаад байх шиг.

108 өдрийн дараа буюу 3 сарын 2

Өглөө босоод түүртэх юмгүйгээр өөрийнхөө түвшинд йогийн дасгалаа хийчихдэг болсон ба дасгал маань огтхон ч хэцүү санагдахаа больжээ.

Дасгалаа харин хийхгүй гарвал нэг л юм дутуу санагдаж тухайн өдрийн ажил үйлс бүтдэг байгаадаа хэмээх бодол хүртэл төрдөг болжээ.

Тиймээс өөрийн туршлага дээр үндэслэн хэлэхэд 3 сарын хугацаанд дадал зуршилыг шинээр үрчилж авах бүрэн боломжтой ба харин түүнийг өөртөө дасгахад хичээл зүтгэл заавал хэрэгтэй ч автомат системрүү шилжин тархи маань дасгалаа хийж байхдаа амарч байгааг бодитоор харлаа. Мөн энэ маань амьдралын тэр дундаа өглөөний зуршилын маань хэсэг бүрэн болов.

Дутуу хийсэнч хурдан яараад хийсэн ч би заавал л дасгалаа хийгээд гардаг болсон бөгөөд цаашид харин дан ганц йога дагнан хийхгүй өөр спорт сонирхон хичээллэнэ ээ.

Дэндүү хожим ухаарсан ч уян хатан байдал бол сэтгэл санааны эм гэлтэй. Яагаад гэхээр биед хурсан уур, үл ойлгогдох байдал, гуниг, стресс бухимдал бүхэн биеэ хөдөлгөж сунгах бүрт хөлсөөр амьсгаагаар урсан гардаг юм байна.

Өнгөрсөн 108 өдрийн турш би өглөө бүр йога хийсэн гэж бодож байна. 
Заримд нь залхуурч заримд нь хулчийж заримд нь ядарч бүр хийдэггүй байсан ч сэтгэл зүй минь үргэлж л өнөөдрийг алгасчихлаа орой нөхөж хийхсэн, өнөөдөр олигтой дасгал хийсэнгүйдээ, өнөөдрийг яллаа гэх зэрэг бодлуудаар өдөр бүр эрч хүч энергиэ ямар нэг байдлаар дасгал дээрээ төвлөрүүлдэг байсан учраас оюун бодлоороо хүртэл дасгалаа хийдэг байжээ.
Өдөр бүр тодорхой хэмжээнд эрч хүч энергиэ заавал зарцуулж байсан учраас зорилго маань амттай бас эрч хүч авмаар санагдлаа.


“4 хандлага” номон дээр хүмүүсийг ерөнхийд нь хандлагаар нь 4 бүлэгт хуваан үздэг ба үүнд:
1. Гаднаас ирсэн хүлээлтийг биелүүлдэг, өөрөөс үүсгэсэн хүлээлтээ бас биелүүлдэг (Upholders)
2. Гаднаас ирсэн хүлээлтийг биелүүлдэг ч өөрөөс үүсгэсэн хүлээлтээ биелүүлдэггүй (Obligers)

3. Гаднаас ирсэн хүлээлтийг биелүүлдэггүй ч өөрөөс үүсгэсэн хүлээлтээ биелүүлдэг (Questioners)
4. Харин миний зонхилох хандлага маань ерөнхийдөө Rebel буюу гаднаас ирсэн хүлээлтийг биелүүлдэггүй мөн өөрөөс үүсгэсэн хүлээлтээ ч биелүүлдэггүй гэсэн ангилалд харъяалагдав.
Би өөрийгөө илүү асуугч төрлийн хүн юм болвуу гэж бодсон ч миний төрлийн хандлага зонхилсон хүмүүс ихэвчилэн урлагийн болон задгай сэтгэдэг хэв загварт баригддаггүй хүмүүс байдаг аж. Миний хувьд бол аливаа зүйлийн утга учрыг эхлээд ойлгочихоороо маш сайн бас хэнээр ч хэлүүлэлтгүй хийчихдэг. Хамгийн гол нь хийх арга барилаа олох өөрийнхөөрөө байх эрх чөлөө хэрэгтэй юм байна. Тэгвэл өөрийн болоод бусдын хүлээлтийг ч мөн ялгаагүй сайтар биелүүлж чаддаг. Яагаад гэж асуултдаа гүн гүнзгий хариулт авахаараа эсвэл нэг дурлаж зорьсон зүйлээ хаядаггүй тууштай түүнийхээ төлөө тэмцэгч байж чаддаг нь энэ төрлийн хүмүүсийн давуу тал болдог юмсанж. Тиймээс магадгүй намайг хэн ч эдгээрийг хий гэж хэлээгүй байхад би хийгээд л яваад байдаг байх.

Өөрийн зан чанар болоод сэтгэл зүйн онцлогт таарсан спортын дасгал хөдөлгөөнийг олох нь чухал гэдгийг үүгээр хэлэхийг хүслээ.

Дүгнэлт

108 өдрийн йога чалленжийг хураангуйлбал:

Өглөө бүр дасгалаа хийсэн өдөр: 78

Дасгалаа алгассан өдөр: 30

Дунджаар зарцуулдаг хугацаа: 15 минут

Гүйцэтгэл: 72%

Нийт зарцуулсан цаг дунджаар: 1165 минут

Миний дагаж хийдэг йогийн дасгалыг дараах линкүүдээр:

Линк 1линк 2линк 3

(мөн линк 1 youtube сувгийн ихэнхи дасгалуудыг дуурайж туршиж үзсэн ба түүний амьдралын хэв маяг филисофид дуртай.)

Цаашдаа энэ зуршилаа би үргэлжлүүлэн авч явах ба зааланд олон хүмүүстэй цуг ахисан байдлаар хийхэд хангалттай сэтгэл санаагаа бэлдсэн гэж үзэж байна.

Хамгийн чухлаар би эндээс олсон зүйл бол:

“Би чадах юм байна” гэсэн итгэл болон хамгийн чадахгүй гэж бодож байсан сунгалтын салбартаа бага багаар ахиц гаргаж байгааг харах тун таатай байлаа.

Миний дагадаг нэгэн мундаг йогийн багш юу гэж хэлсэн гээч “надад ямар ч суурь байхгүй байсан гэхдээ би 12 жилийн өмнө эхлэсэн” гэсэн юм.

Тэрээр одоо 36 настай.

12 жил сонсоход дэндүү урт ч сайжрахад дэндүү хангалттай хугацаа билээ.

Тиймээс өөртөө хангалттай сайн байхын тулд тэр хэрээний цагийг өгж харин өнөөдрийнхөө эрчээр урагшлах хамгийн гол нь өөрийн биендээ хүлээцтэй хандах ёстойг сурлаа.

Хэрвээ та үүнийг дуустал нь уншсан бол заавал өглөөд өөртөө 15 минутыг илүү зарцуулаад түүндээ дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Үр дүн чинь өөрийн чинь өмнөөс тань ярих болно.

Өглөөг ашигла.

Body by me challenge-н хэсгээс

Би хэрхэн 3 сарын дотор Б сууж сурсан бэ?

Т.Тэргүүнжаргал